УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, элдэв зүйл тарааж байгаа. Шанага, данх, гутал гэх мэт. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллах үеэрээ элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан өнчин болон хагас өнчин 50 хүүхдэд 1.5 сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр гардуулсан байна. Тойрогтоо очиж, сонгогчдоо тойлж, элдэв бэлэг сэлт, мөнгө төгрөг өгөх нь магтаж, сайшаагаад байх зүйл биш. Тэр ч битгий хэл хууль бус үйлдэл ч гэж хэлж болно. Нэг ёсондоо тэд сонгогчдын саналыг шанага, данх, мөнгөөр худалдаж авахаар оролдож байна гэсэн үг.
Гэхдээ Х.Болорчулуун гишүүнийг өнчин хүүхдүүдийг дэмжиж, боловсролд нь зориулж хадгаламжийн дэвтэр гардуулсныг нь дэмжиж байна. Шанага, сав суулга, данх, гурил тарааснаас л хавьгүй дээр. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хэд дахин үржигддэг гэдэг. Тэр дундаа өнчин хүүхдүүдийг дэмжиж, сургалтын төлбөрт нь нэмэр болсон нь сайн хэрэг. Бусад гишүүд ч гэсэн энэ үйлдлээс суралцах хэрэгтэй. Сонгогдсон тойрогтоо очоод, юу ч хамаагүй өгмөөр санагдаад байвал түүнийг дуурай. Гурил, нүүрс, данх өгснөөс хамаагүй дээр. Гэхдээ мөнгө цацаад бай гэсэн үг биш шүү. Боловсролд хөрөнгө оруулалт хий гэж байна. 4, 5 шилдэг сурагчид гадаадад суралцах тэтгэлэг гардуулчихвал бүр ч янзтай. Монголчуудад боловсрол мэдлэгтэй, чадварлаг залуучууд дутагдаж байна. Түүнээс биш данх, хивс, гутал, шанага, нүүрсээр дутах нь юу л бол.