"Зүүнбаян төмөр зам” ХХХ-ийн ерөнхий инженер С.Сумъяадоржтой ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Суурь бүтцийг ашиглалтад хүлээн авснаас хойшхи үйл ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ?
-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Манай компанийн хувьд Засгийн газрын 2020 оны 117 дугаар тогтоолоор Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах зорилгоор хувьцаат компанийн статусаар анх байгуулагдсан. Манай хувьцааны 66 хувийг Эрдэнэс таван толгой компани, МТЗ ТӨХК 49 хувийг эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд “Зүүнбаян төмөр зам” ХХК нь Тавантолгой-Зүүнбаян төмөр замын суурь бүтцийг хүлээн авч ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох хэмээн ерөнхий чиг үүргийг тусгасан байдаг. Тэгэхээр бид энэхүү бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авсны дараа суурь бүтцийг эзэмшиж, ашиглах бэлтгэлээ ханган ажиллаж байна. Иймээс бид Суурь бүтцийг хариуцах зорилго бүхий Суурь бүтцийн хэлтэс, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиг бүүрэг бүхий Тээвэр хөгжлийн хэлтэс гэсэн хоёр хэлтсийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байна.
-Төмөр замын тээврийн үйл ажиллагаа зөвхөн суурь бүтцийн бүтээн байгуулалтаас гадна дохиолол холбоо, эрчим хүч гээд олон чиглэлийн нийлбэр бүрдэж байж хөдөлдөг механизм. Тэгэхээр танай төсөл яг одоо газар дээрээ ямар шатандаа үргэлжилж байна вэ?
-Засгийн газрын 117 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан хурлын протокол зэрэг тодорхой шийдвэрүүдийг үндэслэн яг одоогоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг “МТЗ” ТӨХК хариуцан ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалт ерөнхийдөө төгсгөлийн шатандаа орсон. Суурь бүтэц, эрчим хүчний ажил бүрэн дуусаж, техникийн комисс ажиллуулсан. Барилга байгууламжуудыг Улсын комисст хүлээлгэн өгсөн гээд нийт дүнгээр нь авч үзвэл 90 гаруй хувьтай байна. Одоо Солонгосын үндэсний төмөр зам компани дохиолол холбооны ажлыг хариуцан ажиллаж байна. Дохиолол холбооны ажил дууссаны дараа суурь бүтэц гэх цогц ойлголт бүрдэж, Улсын комисс ажиллана. Манай компани дээр бүтээн байгуулалтыг санхүүжилтийг Эрдэнэс таван толгой компаниас хүлээн авч хянан баталгаажуулсны үндсэн дээр МТЗ ТӨХК-д шилжүүлэх чиг үүрэгтэйгээр оролцож байгаа. Дээрээс нь тус төмөр замын ашиглалтын явцтай холбоотой бүх төлөвлөлт, зохион байгуулалт судалгааны ажлыг гардан гүйцэтгэдэг.
-Үлдсэн 10 орчим хувийн бүтээн байгуулалтыг хэдий хугацаанд бүтэн дуусгах вэ?
-Төлөвлөгөөний дагуу бол энэ оны сүүлч буюу ирэх арванхоёрдугаар сард бүрэн дуусгах ёстой. Гэхдээ үүнээс өмнө хөрөнгө санхүүтэй холбоотой хүндрэл үүсэхгүй байх уу, байгаль цаг уурын хүчин зүйл тулгарах уу, үгүй юу гэдгийг бид урьдчилан хэлэх аргагүй. Мөн хил гаальтай холбоотой асуудал гэхчлэнгээр тухайн цаг үеийн нөхцөл байдал ямар байхыг тааварлах боломжгүй байна. Бидний зүгээс төлөвлөсөн хугацаандаа багтааж бүрэн дуусгахыг л үндсэн зорилгоо болгож байгаа.
-Тухайн төсөл бүтэн дууссаны дараа аж ахуйн тооцоонд шилжихэд үйл явц хэрхэн өрнөх вэ гэдэг нь хамгийн чухал шүү дээ. Энэ тухай тодруулна уу?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн уурхай орчмын нүүрс тэргүүтэй байгалийн бусад баялагийг экспортод гаргах, УБТЗ-ын гол замтай холбогдох, цаашлаад Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан Зүүн босоо тэнхлэгийн төмөр зам, БНХАУ-аас УБТЗ-аар дамжин ОХУ руу гарах, ОХУ-аас БНХАУ болон гуравдагч орны зах зээл рүү чиглэх бараа материалын тээвэрлэлтэд оролцох, дэлхийн зах зээлтэй холбогдох төлөвлөгөөтэйгөөр баригдсан. Дийлэнх ачаа нь бол Эрдэнэс таван толгойгоос гарах түүхий эд юм. Дээрээс нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн трассын дагуух олон арван уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах. Ирээдүйд тухайн чиглэлийн дагуу бий болох суурьшлын бүсүүд, манай трасстай ойрхон байгаа Өмнөговь, Дорноговь аймгуудын хөгжил цэцэглэлт шаардлагатай ачаа барааг тээвэрлэх зэргээр жилээс жилд тээврийн эрэлт хэрэгцээ маань өсөн нэмэгдэнэ гэж харж байгаа. Хамгийн наад захын жишээ л гэхэд Цогцэций сум маш хурдацтайгаар хөгжиж байна. Түүнийг дагасан суурьшлын бүсүүд ч олноор бий болж байна. Эдгээрээс гадна “Эрдэнэс таван толгой”-н А20 хэмээх төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан олон бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд, материалыг тээвэрлэх юм. Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замуудтай холбогдож байгаа учраас тухайн төмөр замаар хийгдэх транзит урсгалууд, тэднээс авах, дамжуулж өгөх ачаанууд ч нэмэгдэнэ.
-Тээврийн захиалга, түүний эрэлт хэрэгцээнд тулгуурласан тодорхой тооцоо судалгаа бий юу. Танай төмөр замыг бүтээн байгуулахад гаргасан зардал хэдий хугацаанд эргэн нөхөгдөх вэ гэдэг нь чухал шүү дээ?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийн тодотголыг 2019 онд МТЗ ТӨХК хийсэн байдаг. Тус тодотголд тусгаснаар дээрх төмөр замаар жилд 15 сая тонн ачаа тээвэрлэгдэнэ. Ингээд төслийн өртгөө 12 жилийн хугацаанд нөхнө гэсэн тооцоо гарсан. Мэдээж ашиглалтад дөнгөж оронгуутаа л 10 сая тонн ачаа тээгээд эхэлнэ гэж байхгүй. Хамгийн оргил ачааллын үедээ ингэж тээвэрлэх боломжтой юм гэсэн тооцоог гаргасан болов уу. Харин 2023 онд “Эрдэнэс таван толгой” компаниас хоёр сая тонн орчим, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр замуууд ашиглалтад орохтой холбоотой ачаа зэрэг тээвэрлэгдэх нь тодорхой болоод байна. Мөн дээрээс нь манай төмөр замын Зүүнбаянталаасаа 113 дугаар км-ээс Ханги мандал чиглэлийн төмөр зам руу салаалсан хэсгээс транзит ачаа явна. Тухайлбал, “БТЕГ” ХХК-ийн тээвэрлэж байгаа төмрийн хүдэр, УБТЗ ХНН-ээс орж ирэх бусад төрлийн транзит урсгал манай төмөр замаар явна гэж төлөвлөөд байгаа. Манай компанийн 2021-2025 хүртэлх стратеги төлөвлөлтөд “2025 он гэхэд 11 сая тонн, 2030 онд 15 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэнэ” гэсэн бодлого тусгагдсан байдаг. Одоо бусад төмөр замын бүтээн байгуулалтууд ч хурдацтай явагдаж байгааг та бүхэн мэднэ. Дараа дараагийн төмөр замын бүтээн байгуулалтын судалгааны ажлууд эхэлчихсэн. Баруун болон зүүн босоо тэнхлэгүүдийн зарим төмөр замын ТЭЗҮ-ийн ажлууд эхэлж байгаа гээд бодохоор манай ТЭЗҮ-д тусгагдсан 15 сая тонн ачаа тээвэрлэх зорилтдоо хүрэх цаг улам ойртох ч боломжтой байгаа юм. Цагаан суварга, Хармагтай гэхчлэнгээр томоохон ордуудын бүтээн байгуулалт ч маш хурдацтай явагдаж байна.
-Үндсэн үйл ажиллагаандаа шилжихэд хүний нөөц хамгийн чухал шүү дээ ажиллах хүчний хүрэлцээ хангамж хэр байна вэ?
-Тухайн төмөр зам дээр 2022 оны гуравдугаар сараас туршилтын галт тэргийг аялуулж одоо зүгшрүүлэлтийн шатандаа явж буйг та бүхэн мэднэ. Энэхүү үйл ажиллагааг мөн “МТЗ” ТӨХК хариуцаж байна. Тэгэхээр бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж буй боловсон хүчнээс гадна зүгшрүүлэлтийн тээврийг хийх хэмжээний боловсон хүчин нь “МТЗ”-д байгаа гэсэн үг. Харин дохиолол төвлөрүүлэлтийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, төмөр замын тээврийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд одоо байгаагаас хэд дахин илүү хэмжээний ажиллах хүч шаардлагатай болно. Тэгэхээр тухайн үед ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг манай компани өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын ТЗДС болон Политехник коллежоос гадна “Дабл пиш” компанийн дэргэдэх МСҮТ-тэй хамтран зохион байгуулж ирсэн. “МТЗ” ТӨХК ч мөн адил тухайн төмөр замынхаа суурь бүтэц, ашиглалтын үйл ажиллагаанд санаагаа чилээж тодорхой хэмжээнд ажиллах хүчээ бэлтгэж явсан. Ер нь шинэ төмөр замын бүтээн байгуулалтуудыг нийт массаар нь авч үзвэл ажиллах хүчний хомсдол үүсчихээд байгаа. Тиймээс төр засаг болон салбарын яам, төмөр замын байгууллагууд төдийгүй төмөр замын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд хамтран ажиллах хэрэгцээ шаардлага их байна. Боловсон хүчнийг нэг удаадаа яаж ийгээд бэлдэж болно. Гэтэл тухайн төмөр зам нь говь цөлийн бүсэд байрлалтай. Төв суурин газраасаа хол зэрэг олон бэрхшээл бий. Үүнээс улбаалан бэлдсэн боловсон хүчнийхээ тогтвор суурьшлыг хэрхэн хангах вэ гэдэг нь хамгийн их сэтгэл зовоосон асуудал. Боловсон хүчний маш зөв бодлогыг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх нь чухал байгаа юм.
-Зүүнбаян төмөр замын хувьд бусад төмөр замууддаа үзүүлэх нөлөөлөл нь юу байх вэ?
-Манай төмөр зам бусад чиглэлийн төмөр замынхаа дутууг нөхөх, тэдгээрийг хооронд нь холбох гээд тухайн бүсийнхээ гол магистрал болно гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн, улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдэх урттай төмөр замын бүтээн байгуулалт болсон. Дээрээс нь гуравдугаар зэрэглэлийн төмөр зам, БНСУ-ын дохиолол холбооны системтэй, Англи технологийн зам төмрийн бэхэлгээтэй гээд олон улсын дэвшилтэт технологийг хангалттай хэмжээнд шингээсэн нь хамгийн том давуу тал болно. Үүнийг дагаад шинэ техник технологи, ноу-хау, инноваци, арга барил нутагшина гэж харж байгаа. Манай төслийн хоёр дахь үе шат нь хөдлөх бүрэлдэхүүний паркаа бүрдүүлэх явдал. 2021-2025 онд ашиглах хөдлөх бүрэлдэхүүнийхээ паркийн хэрэгцээ шаардлагыг бид тодорхойлсон. Ингээд бүтээн байгуулалтыг 100 хувь санхүүжүүлж байгаа “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ-дөө шаардлагатай тооцоо судалгааг танилцуулсан. Тухайлбал, вагоныг ОХУ, БНХАУ болон бусад орнуудаас авахад ямар онцлог, давуу талтай байх вэ гэдгийг бүх талаас нь харьцуулан судалсан. Зүтгүүрийг бусад төмөр замын төслүүдтэйгээ уялдуулах, тэр дундаас аль болох барууны чиглэлийн ашиглалтын зардал бага, хүндээ ээлтэй, говь цөлийн бүсэд ажлын бүтээмж өндөртэй, нэг цэнэглэлтээрээ хамгийн урт зам туулах чадвартай зүтгүүрээр бүрдүүлэхийг зорьж байгаа. Учир нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дээр АНУ-ын СD70 загварын зүтгүүрүүд орж ирж байгаа.
-Хөдлөх бүрэлдэхүүний паркийг дагаад түүний завсар үйлчилгээ гэдэг асуудал хөндөгдөнө. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Тухайн зүтгүүрүүдийн засвар үйлчилгээг Тавантолгойн зүтгүүр засварын депо дээр хийнэ. Манайд ийм хэмжээний том засварын депо одоогоор байхгүй учраас улсын хэмжээнд давхардсан үйл ажиллагаатай өөр депо барьж илүү зардал гаргахгүй байх үүднээс дээрх шийдлийг санал болгож байгаа. Дээр дурдсанчлан манай төмөр зам бусад төмөр замуудынхаа үйл ажиллагааг монгол улсын төмөр замын нэгдсэн сүлжээтэй нягт уялдуулах үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр Тавантолгойн төмөр замд хийгдэж байгаа зүтгүүр, вагоны засвар үйлчилгээний деподтойгоо нягт хамтарч ажиллах. УБТЗ-ынхаа өнөөгийн боломж бололцоо болон цаашид хийгдэх шинэчлэлийн ажлуудтай нягт хамран ажиллах зэрэг төлөвлөлтүүдийг хийж байгаа.
-Таны хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэгээс эхлээд хувийн хэвшил бүр салбарын бодлого тодорхойлох түвшинд ч ажиллаж үзсэн хүн. Төмөр замын салбарын залуу үеийн төлөөллийн хувьд та Монгол Улсын төмөр замын ирээдүйг ямраар төсөөлдөг вэ?
-Миний хувьд 2010 онд Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр төгсөөд Монгол Улсын төмөр замын салбарын ууган байгууллага УБТЗ-ын Ерөө өртөөнөөс галт тэрэгний туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Улмаар, Сүхбаатар өртөөнд ачаа тээврийн чиглэлээр шат шатны албан тушаал эрхэлж, сүүлд нь өртөөний жижүүр байхдаа буюу 2012 онд Төмөр замын тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгагдсан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах төвийг байгуулахад шаардлагатай судалгааг хийх зорилгоор Тээвэр зохион байгуулалтын алба руу шилжин ирсэн. Улмаар тухайн үед ахлах байцаагчаар ажиллаж байсан Ё.Товуухорол ахтай хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар руу шилжин ажилласан. Мөн оны есдүгээр сард тухайн агентлаг татан буугдах үеэр бусад ажилчдынхаа хамтаар ЗТХЯ руу орсон. Дараа жил нь буюу 2013 онд Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв байгуулагдахад миний бие тус төвийн Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын хэлстийн даргаар томилогдсон. Энэ төвийнхөө дүрэм журам, эрх зүйн орчныг бий болгон төлөвшүүлэх, суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг гардан зохион байгуулж ажилласан. Дараа нь 2015 онд “МТЗ” ТӨХК-ийн төсөл болох Төмөртэйн төмөр зам ашиглалтад ороход Төмөртэй өртөөний анхны даргаар нь томилогдсон. 2015, 2016 онд үндсэн ажлынхаа хажуугаар ТЗДС-д Логистикын чиглэлээр цагийн багш ч хийж байлаа. Үргэлжлүүлээд “МТЗ” ТӨХК-ийн дараагийн төсөл болох Замын-Үүдийн “Логистикийн төв”, “Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам”-д тус тус ажиллаж байгаад 2021 оны нэгдүгээр сараас Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг ашиглалтын үйл ажиллагаанд бэлтгэх, төлөвлөх ажлыг зохион байгуулж байна. Ингээд бодохоор би их азтай хүн. Төмөр замын салбар бол яах аргагүй Монгол Улсын шинэ цагийн эдийн засгийн гол хөшүүрэг. Төр засгийн зүгээс ч энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг тэргүүлэх чиглэлээ болгож байгаа. Энэ ч утгаараа тухайн салбарынхаа судалгааны ажлыг огт орхигдуулахгүй явж байгаа. Миний хувьд эхний ээлжинд одоо хэрэгжүүлж байгаа төмөр замын төслүүдийнхээ үр ашгийг дээд түвшинд барихад анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог. Хоёрдугаарт, төмөр замынхаа сүлжээг уртасгах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн одоо үйл ажиллагаа явуулж байгаа төмөр замуудын алдаа оноог ирээдүйд баригдах төмөр замууд дээрээ давтахгүй байх нь чухал.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. 2012 оноос эрчимжсэн шинэ төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлын явцад манай салбарт маш их хөгжил дэвшил ирсэн гэж би хувьдаа хардаг. Манай салбарын инженер техникийн ажилтнууд дэвшилтэт техник технологи, шинэ соргог мэдлэг мэдээллийг өнгөрсөн хугацаанд нутагшуулж ажиллалаа. Үүний үр дүнд бид өөрсдөө төмөр замын судалгаа, ТЭЗҮ-ээ гардаж хийдэг боллоо. Төмөр замаа төлөвлөж, зураг төслөө гаргаж чаддаг боллоо. Дэрээс нь боловсон хүчнээ тодорхой хэмжээнд бэлдэж авч чадлаа. Цаашид харин дээрх төслүүдээ үр ашигтай байлгахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажлыг төмөр замын мэргэшсэн инженер техникийн ажилтнууд маш сайн хийх хэрэгтэй. Түүнчлэн төмөр замдуудад суурилсан логистикийн үйл ажиллагааг зөв зохион байгуулах, үр дүнтэй байлгах талын эрдэм шинжилгээний ажилд онцгой анхаараасай гэж хүсдэг юм. Нөгөө талаасаа манай инженерүүд эрдэм шинжилгээний ажлаа хийхэд нь шаардлагатай талбаруудыг бий болгоход ЗТХЯ, ГТХЗНТ, ТЗДС зэрэг байгууллагууд өндөр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд манай мэргэжил нэгтнүүд шинээр бий болж байгаа төмөр замын байгууллагуудаа өрсөлдөгч бус хамтрагчид гэдэг өнцгөөс хараасай. Өөр өөрийнхөө төмөр замын онцлог давуу талуудыг түгээн дэлгэрүүлж, олон улсын ISO стандартуудыг байгууллага бүртээ нутагшуулаасай, хүний нөөцийн боловсон хүчнийг бэлтгэж, чадавхжуулах ажилд хамтарч, нэг цонхоор ажиллаасай. Эдгээрийг ЗТХЯ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллаасай. Ингэж чадвал бидний ирээдүй үргэлж гэрэлтэй явна гэж боддог. Төмөр зам нэг км-ээр нэмэгдэхийн хэрээр төмөр замчид бидний үнэлэмж төдий хэмжээгээр дээшилж байна гэсэн үг. Цаашлаад улс орны эдийн засаг, хөгжил дэвшил хурдасч байна хэмээн бодож сэтгэл өег явдаг юм. Энэ агуулгаар орчин цагийн төмөр замчин залуус бид өөрсдийн гараар хийсэн их бүтээн байгуулалтынхаа үр өгөөжийг гарахын төлөө бүх хүчээ дайчлах нь хамгаас чухал. Ингээд нийт мэргэжил нэгт ган замчдадаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.