Соёлын сайд Ч.Номин Ховд аймагт ажиллаж, өнөөдөр (2023.03.04) тус аймгийн Засаг дарга Э.Болормаатай уулзлаа.
Юун түрүүнд, Соёлын сайд Ч.Номин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг илэрхийлэх, өвлөн уламжлуулах томоохон арга хэмжээ болох “Хар-Ус” нуурын мөсний баяр, “Мөнгөлөг шагшуурга”-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, талархал илэрхийллээ. Мөн энэ арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай нийцэх соёлын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болж өргөжин тэлж буйг онцлон тэмдэглээд, Соёлын яамнаас бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тухайлбал, Монгол Улсын Соёлын яам нь Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Соёлын яамны стратеги төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлэхдээ тухайн бүс нутаг, аймгийн онцлогтой нийцүүлж байгаа талаар мэдээлэл өгч, ярилцав. Улмаар Ховд аймаг нь хамгийн олон угсаатны бүлэг амьдардаг, бүс нутгийнхаа биет болоод биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, илэрхийлэх тал дээр амжилттай ажилладаг учраас соёлын аялал жуулчлал, түүнийг дагалдан хөгждөг соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамтран ажиллахаар ярилцлаа.
Тухайлбал, Ховд аймгийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 188 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь дээл, гутал, хувцас хийдэг гар урлаачид тул Соёлын яам, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран олон угсаатны соёлын баялаг байдлыг илэрхийлэх бүтээгдэхүүнийг бий болгож байгаа тэдгээр гар урлаачдад зориулсан сургалт зохион байгуулах, холбогдох төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж ажиллахаар ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин орон нутагт соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хөгжүүлэх, засаг захиргааны нэгж бүрд соёлын үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрынханд талархал илэрхийлэв.
Соёлын сайд Ч.Номин Ховд аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Засаг дарга Э.Болормаагийн хамт Ховд аймгийн Чандмань суманд ажиллаж, 2022 оны шилдэг өвлөн уламжлагч “Монгол хөөмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Д.Цэрэндаваад Засгийн газрын шагнал гардуулна. Мөн Ховд аймаг дахь Соёлын яамны харьяа соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, соёлын ажилтнуудтай уулзалт хийхээр төлөвлөж байна.