1957 онд баригдсан 2 давхар Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 5 давхар болгон шинээр барьж, өнөөдөр /2026.06.30/ албан ёсоор ашиглалтад орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцсон юм. Ерөнхий сайдын хувьд 2 жилийн өмнө тус эмнэлгийн санхүүжилт гацсан нөхцөл байдалтай очиж биечлэн танилцаж, тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдтэй хамт улсын төсөвт санхүүжилт суулгах ажлыг манлайлж, дүүргийн төсвөөс нэмэлт санхүүжилт суулгуулснаар эмнэлэг 2 жилийн дараа ашиглалтад орж, дүүргийн 30 гаруй мянган иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ "Хоёр жилийн өмнө дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайдтай хамт ирж, нөхцөл байдалтай танилцан санхүүжилтийн асуудлыг гишүүдийнхээ хамт улсын төсөвт суулган шийдүүлж байлаа. Олон хүний хичээл зүтгэлээр 2 дахин хүчин чадалтай эмнэлэг ашиглалтад орсонд баяртай байна.
Дүүргийн удирдлага, гишүүд хамтдаа хичээнгүйлэн зүтгэлээ. Ерөнхий сайдын ажил аваад 80 хоногийн хугацаанд олон ажлыг гацаанаас гаргахын төлөө ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа хоорондоо мэдээлэл солилцдоггүй байдал, хүнд суртлыг арилгахын төлөө эрүүл мэндийг тэргүүлэх салбараа гэж үзэж ажиллаж буйгаа дуулгая.
Саяхан эмийн лаборатори ашиглалтад орлоо. Эмийн жагсаалтыг шинэчлэх ажлыг эхлүүллээ. Эмийн чанарт шинжилгээ хийх ажил эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын салбарт үүсээд байсан өр төлбөрийг чөлөөлсөн гээд Э.Батшугар сайд санаачилгатай ажиллаж байна. Шинэ эмнэлэг сүхбаатарчууд та бүхэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэхэд Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана" гэлээ.

Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг барих ажлыг 2020 онд эхлүүлж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжид 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Дүүргийн төсөв болон орон нутгийн төсвөөс 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт шийдсэн аж.
Нийслэл хотын төвийн бүсийн иргэд болон Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэдэд амбулаториор 15 төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, 17 оношилгоо, 5 лабораторийн шинжилгээ хийх хүчин чадалтай.