Ховд аймагт ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин өнөөдөр аймгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Ховд аймагт 2022-2023 оны төсвийн жилд нийт 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон угсаатны театрын барилга, кино театрын барилга барихаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил нь эхэлсэн юм.
Аймгийн соёл, урлагийн газрын танилцуулснаар хөрөнгө оруулалтын чиглэлд музейн барилгыг шинэчлэх, сумдын соёлын төвүүдийн номын сангийн тохижилт хийх, соёлын төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг асуудал тулгамдаж байгаа юм байна.
Соёлын сайд Ч.Номин аймгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Соёлын яам салбарын хэмжээнд эхэлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах, ашиглалтад орсны дараа бүрэн ашиглалттай байлгахад анхаарч байгаа учраас шинээр хөрөнгө оруулалтын ажил нэмэхгүйгээр, ашиглалтыг сайжруулах бодлого баримталж байгаагаа хэлэв. Өөрөөр хэлбэл, нэгэн зэрэг олон барилга барилга байгууламж барьсан ч төсвийн хүрэлцээнээс үүдэн бүх барилгын тохижилт, тоног төхөөрөмжийг бүрэн шийдэх боломжгүй учраас эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг бүрэн техник, тоног төхөөрөмжтэйгөөр буюу 100 ашиглах боломжтой байхад анхаарч байгаа гэлээ. Улмаар аймгийн музейн одоогийн барилгад урсгал засвар хийх, Соёлын өвийн үндэс төвөөс ажлын хэсэг ажиллуулж, музейн ашиглалтыг дээшлүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр шийдвэрлэв.
Мөн сумдын тоног төхөөрөмжийн шинэчлэл нь аймаг бүрд тулгамдаж байгаа нийтлэг асуудал учраас Сангийн сайдтай хамтран Соёлын төв, соёлын ордны стандартыг баталж, хөрөнгө оруулалтын төдийгүй хүний нөөцийн бодлогод өөрчлөлт оруулж байгаагаа хэлсэн юм. Ингэснээр сумдын соёлын төвийн төсөв гурав дахин нэмэгдэж, улсын хэмжээнд бүх соёлын төв байнгын ажиллагаатай байх томоохон бодлогын өөрчлөлт орж байгаа талаар танилцуулав.
Соёлын сайд Ч.Номин аймгийн соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны дараа аймгийн хөгжимт драмын театр, номын сан, музейд санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

Ташрамд дурдахад, Ховд аймгийн хэмжээнд соёл урлагийн байгууллагад нийт 194 хүн ажиллаж байна. Нийт ажиллагчдын 67 нь аймгийн хөгжимт драмын театрт, 96 нь соёлын төвд, 13 нь музейд, 18 нь номын санд ажиллаж байна. Соёл урлагийн байгууллагууд соёлын өвийг хамгаалах чиглэлээр, бүх нийтийн соёлын боловсрол олгох, урлаг уран бүтээл, уран бүтээлчдийг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн үндсэн үүрэгтэй ажиллаж байна. 2022 оны байдлаар аймгийн соёл, урлагийн байгууллагууд урлагийн чиглэлээр 31100 хүнд, музейн 3140 үзмэрийг байнгын болон түр үзэсгэлэнгээр 11390 хүнд хүргэж, номын сангаар 31 мянга гаруй төрлийн үйлчилгээ үзүүлжээ. Харин соёлын төвийн суудлын тоо аймгийн хэмжээнд 4420 бөгөөд 210 гаруй мянган иргэнд урлагийн тоглолт хүргэж ажилласан байна.

