Соёлын сайд Ч.Номин Ховд аймагт ажиллах үеэрээ тус аймагт болсон “Эмэгтэйчүүдийн манлайлал” арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн хамт урилгаар оролцлоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан энэ арга хэмжээнд баруун бүсийн 350 гаруй эмэгтэй оролцож, “Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд Соёлын сайд Ч.Номин, аймгийн Засаг дарга Э.Болормаа нартай чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Уулзалт, ярилцлагын үеэр Соёлын сайд Ч.Номин Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд баримтлаж буй бодлого, соёлын салбар дахь жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин орон нутгийн соёл урлагийн байгууллагын удирдлагын түвшинд жендэрийн эрх тэгш байдлын тэнцвэрийг хангаж ажиллахад анхаарч байгаа гэсэн бөгөөд соёлын салбарын хүний хөгжилд чиглэсэн аливаа үйл ажиллагааны үр нөлөө нийгмийн гишүүн бүрд тэгш шударга хүрэхэд жендэрийн асуудал чухал байгааг онцлон тэмдэглэв. Мөн жендэрийн тэгш байдал нь хүйсийн харьцаа төдий биш эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг анхаарч тооцох, нийгмийн янз бүрийн бүлгийн эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүдэд соёлын үйл ажиллагаанд оролцох, мөн түүний үр шимээс хүртэхэд ямар саад бэрхшээл тулгарч байгааг илрүүлэн арилгаж жендэрийн тэгш байдлыг ханган ажиллахад анхаарч байгаа гэлээ.
Дээрх арга хэмжээ нь охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, иргэдийн оролцоонд тулгуурлан эмэгтэйчүүдийн эрх, хамгааллын асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм.


