ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гоц оюунтнууд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-08-28

Монголын нэрийг дэлхийд сайнаар дуурсгадаг хүмүүс цөөхөн байдаг билээ. Сонгодог болон ардын урлагийнхан, топ хэдэн тамирчид, хэдэн бор цэргүүд гээд л ерөнхийдөө өндөрлөнө. Гэтэл сүүлийн үед төв Азийн цээжинд оршдог гурван сая гаруйхан хүн амтай манай улс оюуны спортоор дэлхийд нэрээ гаргах болов. Хамгийн сүүлд л гэхэд  өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсад болсон, 60 сая төгрөгийн шагналын сантай, Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд дэлхийн есөн орны  200 орчим тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн билээ.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцон 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг нь хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулж бахдам амжилт гаргасан байна. Мөн манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалдаа дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт шалгарсан юм. Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж аваргын цом хүртлээ. Ийнхүү монголчууд гэдэг бяр тэнхээ ихтэй нүүдэлчид гэдэг дүр ойлголтод, оюуны чадамж өндөртэй гэдэг шинэ хандлага нэмж өгч буй Монголын Оюун Ухааны Академийнхаа хүүхэд залууст баярлалаа.