Баян-Өлгий аймагт зоогийн газрыг том оврын ачааны автомашин мөргөсний улмаас гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус аймгийн Өлгий сумын Ногоон баг, гурван замын уулзвар гэдэг газар том оврын ачааны автомашин осолдсон гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 13-ны өдрийн 01:37 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд иргэн Ж/37 настай, эрэгтэй, тус аймгийн харьяат/-гийн жолоодож явсан “Ултрановис” загварын 40 тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй “Дэлүүн” зоогийн газрыг мөргөсөн байна.
Улмаар тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн С /40 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар амиа алджээ. 04:45 цагт цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, автомашины жолооч Ж /37 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.