ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна

O.Admin
2023-03-23

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэж буйг мэдээллээ.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: -Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд манай улсын газар хөдлөлтийн тоо, давтамж, хүч нэмэгдэж байна.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад 327,000 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 1,976 удаа тохиолджээ.

Тухайлбал, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ хүчтэй газар хөдлөлтийг дагаад ойролцоогоор 130 мянга орчим удаагийн чичирхийлэл болсон гэсэн судалгаа бий.

Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Судлаачид долоо дахь хагарлыг судалж байгаа. Энэ нь бидэнд эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Сүүлийн арван жилийн байдлаар нийслэлд 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 68 удаагийн газар хөдлөлт нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байв. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, ард иргэдийн бэлэн байдлыг хангах шаардлага үүсэж байгаа учраас Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2013 онд хийсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-д Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд барилга, байгууламжийн 30 хувь нурж, 40,000-60,000 хүн өртөх эрсдэлтэй тооцоо гарсан байна.