Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл авч гадаадад суралцсан ч зээлээ төлөлгүй алга болсон 230 хүн байгаа талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тийм учраас эдгээр хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажил эхэлж байгаа аж. Эдгээр 230 хүүхэд ямар сургуульд сураад, ямар хэмжээний мөнгийг "Боловсролын зээлийн сан"-гаас авч, яагаад гэрээний үүргээ биелүүлэлгүй алга болсон бэ гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад шүүхэд өгнө гэж ойлгож болно хэмээн сайд онцлов.
Тэрбээр, "230 хүн ямар сургуульд, хэдэн төгрөгөөр сурсныг илрүүлнэ. 10 тэрбум орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл манай Боловсролын зээлийн сан дээр үүссэн байна. Энэ эрсдлийг бууруулж, зээл авсан ч үүргээ билүүлээгүй хүүхдүүдээр буцааж авсан зээлээ төлүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ямар ч байсан Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүүхдүүдийн зээлийн мэдээллийг Монгол банкны арилжааны банкуудаас зээл авсан мэдээллийн нэгдсэн санд оруулахаар боллоо.
Дарга нарын хүүхдүүд юм уу, улс төрд, эрх мэдэлд ойрхон байсан хүмүүсийн хүүхдүүд илүү их зээл авч суралцсан байна гэдэг мэдээлэл ил болж байна гэсэн үг. Хэний хүүхэд ямар сургуульд яваад, ямар хэмжээний зээлийн гэрээ хийгээд энэ нь буцаж төлөгдсөн юм уу, төлөгдөөгүй юм уу, үүргээ биелүүлсэн үү, үгүй юу гэдэг мэдээлэл ил болж байна.
Хөгжлийн банкны хэлэлцүүлэг, Нүүрсний хулгай хэрэг, ЖДҮ сангаас албан тушаалаа ашиглан зээл авсан асуудал гэдэг шиг үнэхээр Боловсролын зээлийн сангаас олгогдож байсан зээлүүд яг очих ёстой эзэндээ, авах ёстой хүндээ очсон уу, үнэхээр үнэн шалгуураар явж байсан уу гэдгийг та бүхэн Боловсролын зээлийн сангийн мэдээллийн сайтруу орж үзэх боломжийг олгож байна" гэв.