ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүний эрхийн цогцолбор төв байгуулна

O.Admin
2023-03-28

НҮБ-ын Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн олон улсын байгууллагын төв байгуулах зорилгоор бие даасан байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан юм.

Энэ хүрээнд ХЭҮК-ын зүгээс Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулах саналыг холбогдох байгууллагад уламжилсан.

Тэгвэл 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны II хуралдааны үеэр “Хүний эрхийн цогцолбор төв” байгуулах зориулалтаар Сүхбаатар дүүргийн XI хороонд 2545 мк газрын газар өмчлөлийн гэрчилгээг ХЭҮК-т гардууллаа.

Хуралдааны үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газраас Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадавхжуулах төв байгуулахаар зорин байгаа хүрээнд газрын асуудлыг ийн шийдвэрлэснийг онцлоод ХЭҮК-ын үйл ажиллагааг хараат бус байхад анхаарч, хангалттай санхүүжилттэй болгох, бүтэц, үр нөлөөг бэхжүүлэх, чадавхжуулах санаачилга, арга хэмжээг бүхий л талаар дэмжиж ажиллана гэлээ.