Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 2-5 настай хүүхдүүдийн 86.5 хувь нь хамрагдаж байна.Хүүхдийн тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үе цэцэрлэгийн насанд тохиодог тул сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах нь нэн чухал юм.
Иймд Азийн Хөгжлийн Банкны Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролыг чанар, хүртээмжийг сайжруулах төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 21 аймгийн 197 цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 850 сая төгрөгийн өртөг бүхий тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний багцыг хүргэж байгаа аж. Зарим цэцэрлэгийн төлөөлөлд өчигдөр сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж өглөө.
Тоглоомд суурилсан сургалт нь идэвхтэй сурах чадварыг хөгжүүлэх чухал арга бөгөөд ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүд сурах бичиг ашиглан суралцдаг бол цэцэрлэгийн хүүхдийг хөгжүүлэх гол сурах бичиг нь тоглоом учраас цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах нь ихээхэн ач холбогдолтой.