Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2023.04.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж онцгой дэглэмийн хугацаа болон бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгах шийдвэр гаргалаа.
Онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж Монгол Улсад орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэн өндөр үр ашигтай ажилласан. Иймд онцгой дэглэм болон бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг зургаан сараар сунгах Засгийн газрын тогтоолын төсөл гарч УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч одоо хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын жишигт нийцсэн компани болгох зорилго тавиад буй юм.
-
Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн.
-
Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тонн нүүрс борлуулсан.
-
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт долоон удаагийн арилжаагаар 416.0 мян.тн нүүрсийг 53.9 сая ам.доллараар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн.
-
Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
-
Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
-
Төлбөрийг нүүрсээр төлдөг гэрээний тоог бууруулсан
-
Уулын ажлын гүйцэтгэх зардлыг бууруулсан
-
Компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн
-
Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг Засгийн газрын тогтоолоор ил болгосон
-
Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримталж байна.