ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жинхэнэ цагдаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-30

С.Энхтөр дэд хурандааг олон нийт андахгүй. Тухайн үед Замын цагдаагийн газраар овоглогдож, иргэдэд хэрэгтэй мэдээ мэдээллийг сэтгүүлчид С.Энхтөр дэд хурандаагаар дамжуулж авдаг байж билээ. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хэр баргийн зүйлд “үгүй” гэж хэлдэггүй байсныг тодхон санаж байна. Тэр цагаас хойш нэлээд олон жил өнгөрчээ. Гэсэн ч миний түүнд өгсөн “Жинхэнэ цагдаа” гэх нэр одоо ч өөрчлөгдөөгүй. Төрийн хүн гэж хэнийг хэлэх вэ, төрийн үйлчилгээ гэж ямар байх ёстой вэ, мэддэг зүйлээрээ бусдад хэрхэн зөв  үлгэр дууриал үзүүлэх вэ гэдгийг одоо ч харуулж, мэдрүүлж, түгээсээр байгааг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм.

С.Энхтөр дэд хурандаа үүрэгт ажлаа өгч, чөлөөлөгдсөнөөс хойш нүүр тулж уулзаагүй ч олон нийтийн сүлжээгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрэм, журам болон бага насны хүүхдээ аюул ослоос хэрхэн хамгаалах талаар олон хүнд хэрэгтэй мэдээ мэдээлэл, зөвлөмж хүргэж байгааг нь хараад ажилдаа сэтгэлээ өгсөн хүн л ийм байдаг байхдаа хэмээн үнэлдэг юм. Бүр замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сургуулиудад лекц уншиж, олныг зөв мэдээллээр ханган ажиллаж байгаа нь сайшаалтай. Их хотын хөл хөдөлгөөн нэмэгдэж, замын түгжрэл шүдний өвчин болсон энэ цаг үед түүний мэдлэг боловсролыг ашиглаж, замын хөдөлгөөний дүрэм болоод хуульд  дорвитойхон өөрчлөлт оруулчихвал, шинэчлэлийг хүсдэг монголчуудад чухал  байхсан. Нөгөөтэйгүүр, замын хөдөлгөөний талаарх иргэдийн ойлголт дутмаг, хайнга байдлаас болж, олон хүн энэ хорвоогоос буцаж байна. Энэ тоо ч багасах билээ. Түүн шиг төрийн албан хаагч, “жинхэнэ” цагдаа олон байгаасай. Баярлалаа дэд хурандаа.