ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Гэрэлтуяа: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллах дүгнэлтийг хүчингүй болгох шийдвэр албажаагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-04-19

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлыг танилцуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан хэргийг хүчингүй болгосон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа тайлбар өглөө.

Тэрбээр, “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тус албаны зүгээс 2022 оны тавдугаар сараас эхлээд нэр бүхий гурван хүнд холбогдсон энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан саналыг хүчингүй болгох саналыг Нийслэлийн прокурорын газарт нийтдээ таван удаа гаргасан. Прокуророос дөрвөн удаад нь хянаад мөрдөн шалгах ажиллагааг цаашдаа үргэлжлүүлэн явуулах ёстой гэдэг үндэслэл буюу ажиллагаа дутуу гэж буцаасан.

Өнгөрөгч гуравдугаар сарын 15-ны өдөр Прокурорын байгууллагад дахин хүсэлт ирсэн. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох хүсэлт тав дахь удаагаа тавьсан. Улмаар, НПГ-аас хэргийг авч хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй, нотлох баримт цуглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгох шийдвэр гарсан.

Прокурорын тухай хуулийн 10.1-д заасны дагуу хүчингүй болгосон тогтоолыг дээд шатны Прокурор заавал хянаж, шалгах үүрэгтэй. Одоо бол эдгээр гурван хүнд холбогдох шийдвэрийг хянах ажиллагаа явагдаж байна. Хянах ажиллагаа явагдсаны дараа хэргийн оролцогч нарт тогтоол танилцуулна. Хэргийн оролцогч нар ямар нэг байдлаар гомдол хүсэлт гаргаагүй тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болдог. Өөрөөр хэлбэл, тогтоол хүчин төгөлдөр болоогүй, хянах ажиллагаа явагдаж байна” гэв.