ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Шанхай руу хэрхэн хямд аялах вэ

O.Admin
2023-04-24

Хятад бол манай улсын иргэдийн хувьд хямд зардлаар аялах боломжтой улс орнуудын нэг билээ. Тус улсын үсрэнгүй хөгжил нь аялал жуулчлалын хөгжилд ч нөлөөлж, жуулчдад зориулсан олон сонирхолтой газруудыг шинээр барьж байгуулсаар байна.

Жилд 60 орчим сая жуулчин хүлээж авдаг учраас жуулчид их очдог газруудад аюулгүй байдлыг хангасан байдаг. Хятадын эртний соёл уламжлал, барилга архитектур, байгалийн үзэмжээс гадна орчин үеийн хотууд, шинжлэх ухааны бүтээлүүд гээд Хятадад үзэж сонирхох, нүд булаах газар олон. Энэ удаад 20 гаруй сая хүн амтай дэлхийн санхүүгийн төв, Хятадын дөрвөн том хотын нэг Шанхай руу аяласан тэмдэглэлээ уншигч танд хүргэж байна. Энэхүү тэмдэглэлдээ Шанхайд очоод үзэх газрууд болон яаж явах арга зам зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан. Өөр нэмэлт мэдээллийг та бүхэн өөрсдийн сурсан гадаад хэлээр интернэтээс авах боломжтой юм.

Юуны өмнө аялалынхаа сэтгэгдлийг хуваалцъя. Хэрвээ хэн нэгэн надаас Шанхай явах шаардлагатай юу гэж асуувал нэг очоод үзэхэд харамсахааргүй газар гэж хариулна. Дэлхийн санхүүгийн төв болсон хотуудын нэг учраас та хятад хэв маягийн зүйлсийг алхам тутамдаа хараад байхгүй. Энэ хот бол Хятад болон Европ загварыг хослуулсан орчин үеийн хот шиг санагдсан. Тэр дундаа шөнийн Шанхайн үзэмж үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Мөн та хүүхдэдээ гайхамшигтай дурсамж үлдээхийг хүсвэл Шанхайн Дисней парк үнэхээр хүүхэлдэйн кинон дотроо орсон мэт сайхан дурсамжийг таны хүүхдэд үлдээж чадах билээ.

Хятадын вебсайт дээрх хүмүүсийн сэтгэгдлийг уншихад ихэнх нь тавдугаар сар бол Шанхай явах хамгийн тохиромжтой улирал гэж бичсэн байх аж. Миний хувьд дөрөвдүгээр сарын дундуур Шанхай явсан ч цаг агаар нь тааламжтай, аялалд тохиромжтой өдрүүд таарав. Хэрвээ та аялахаар төлөвлөж буй бол хамгийн эхэнд очих газрынхаа цаг агаарыг харж аялалаа төлөвлөж байгаарай. Ингээд уншигч та бүхэнд Шанхайд үзэж болох газруудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

1.Шанхайн Дисней Лэнд / Shanghai Disneyland Resort/

Шанхайд ирсэн жуулчдын заавал үзэх ёстой газруудын нэг бол Шанхайн Дисней Лэнд юм. Шанхай хотын Пудун шинэ дүүрэгт байрлах тус газар нь 2016 оны зургаадугаар сарын 16-нд нээлтээ хийсэн бөгөөд  Хятадын Шэнди групп болон Валт Дисней хамтран эзэмшдэг билээ.

Шанхайн цэцэрлэгт хүрээлэн нийт 3.9 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг бөгөөд "Mickey Avenue", "Gardens of Imagination", "Fantasyland", "Treasure Cove" , "Adventure Isle", "Tomorrowland,  Toy Story Land" зэрэг  хэсгээс бүрдсэн гайхамшигт ертөнц нь таныг хэзээ ч уйдаахгүй. Шанхай хотын Диснейг үзэхэд бүтэн нэг өдөр  хангалтгүй ч таны урмыг хэзээ ч хугалахгүй сайхан дурсамжийг танд үлдээж чадах газруудын нэг юм. Та долоон хэсэгт үлгэрчилсэн байдлаар хуваасан тоглоом дээр тоглохоос гадна Диснейн хүүхэлдэйн тоглолт, үзвэрүүдийг үзэж, Диснейн баатруудтай хамт зургаа авахуулах боломжтой.

Тасалбарын хувьд утасныхаа "apple store" болон "play store" цэснээс "Shanghai Disney Resort" гэсэн аппликэйшнийг татаж бүртгүүлээд л захиалах боломжтой. Тасалбар нь хэд хэдэн сонголттой. Тухайлбал,, Диснейн ресторанд хооллох ваучер болон Диснейн буудал зэрэг багтсан багц тасалбараас гадна нэг өдөр болон хоёр өдрийн тасалбарууд байдаг. Нэг өдрийн тасалбар нь том хүн  435-769 юань, хүүхэд 408 юанийн үнэтэй. Өдөр бүр тасалбарын үнэ өөр өөр байдаг учраас та аппликэйшнээ татаж аваад мөн аялалын төлөвлөгөөндөө тааруулан тасалбараа гадаад паспортаа ашиглан онлайнаар захиалах боломжтой.

Онлайнаар захиалсаны дараа таны бүртгүүлсэн имэйл эсвэл гар утсанд Диснейгээс тасалбарын дугаар бүхий мэдээллийг илгээнэ. Мөн энэхүү аппликэйшн дээрээсээ Дисней газрын зургийг бүхэлд нь харах боломжтойгоос гадна аль тоглоом дээр хэдэн минут хүлээх зэрэг цагийг нь харж болно. Дисней дээр очоод орох хэсэгт нь гадаад паспортаа үзүүлээд тасалбараа авна.

Шанхайн Дисней анх нээлтээ хийсэн эхний хагас жилдээ л  5.60 сая зочин хүлээн авсан байдаг. Тиймээс та Дисней орохдоо эрт очиж дугаарлах хэрэгтэй. Учир нь Диснейг үзэхээр ирсэн гадаадын болон дотоодын жуулчид их тул зөвхөн тасалбар авах хаалга хүртлээ ойролцоогоор хоёр цаг орчим урт дараалалд зогсдог. Гэхдээ энэхүү дараалал нь огт зогсдоггүй. Хүмүүс нь урагш яваад л байдаг ч орох хаалга хүртэл аль хэдийн хоёр цагийг зарцуулсан байдаг. Тиймээс эрт очоорой гэж зөвлөе.

Мөн олон бага насны хүүхдүүдээ авч явахаар төлөвлөж буй хүмүүс  Шанхайн Диснейг гол үзэх газраа онцолж, буудлаа Диснейн буудалд буусан нь илүү дээр сонголт юм шиг санагдсан. Учир нь Диснейн хамгийн сүүлийн үзүүлбэр болох Сальютын буудлагын 21.15 - 21.30 минутанд болж, үүний дараа Дисней хаадаг. Тиймээс оройн цагаар метро явдаг хэдий ч таны захиалсан буудал Диснейгээс хол бол өдөржин Диснейд цагийг өнгөрүүлж, ядарсан хүмүүст ялангуяа бага насны хүүхдүүдэд бага зэрэг хүндрэлтэй санагдах юм билээ. Харин ганцаараа эсвэл найзуудаараа, өсвөр насны хүүхдүүдтэйгээ аялаж байгаа тохиолдолд буудлаа өөрийн аяллалын чиглэлдээ тааруулан захиалж болно.

Тасалбар захиалах аргууд:

Диснейн вэбсайт: https://www.shanghaidisneyresort.com/en/

Диснейн аппликэйшн :Shanghai Disney Resort

Тасалбарын үнийн мэдээлэл

Тасалбарын төрөл

Үнэ /юань/

 

1

Нэг өдрийн тасалбар + Taste of Magic dining хоолны купон

508 юань (том хүн)

383 юань (Хүүхэд/Өндөр настан)

2

Тасалбар + Нэг өдөр мэргэжлийн гэрэл зурагчин үйлчилгээ

698 юань (том хүн)

 

3

Нэг өдрийн тасалбар Day Ticket - CNY

499 юань (том хүн)

374 юань  (Хүүхэд/Өндөр настан)

4

Эртэч шувуу тасалбар. Энэ нь 10 хоногийн өмнө эрт захиалах ёстой тасалбар юм.

485 юань (Том хүн),

348 юань (Хүүхэд/Өндөр настан)

5

Кристал жилийн тасалбар

1399 юань (Том хүн ),

1049 юань (хүүхэд/ахмад)

6

Жилийн алтан тасалбар -

1899 юань (Том хүн),

1424 юань (хүүхэд/ахмад)

7

Алмазан жилийн тасалбар -

3599 юань (Том хүн),

2699 юань (хүүхэд/ахмад)

/Жич: Тасалбараа цагийг нь тулгаж захиалах, эрт захиалахаас хамаарч заримдаа үнэ нь өөрчлөгдсөн байдаг тул вэбсайт эсвэл аппликэйшн руу орж үнийг дахин хараарай. Мөн тасалбараа захиалахдаа хүүхдүүдтэй бол хүүхдээ суулгаад явдаг тэрэг 90 юаниар захиалах боломжтой/

Диснейн газрын зураг: https://www.shanghaidisneyresort.com/en/maps/

Мөн Shanghai Disney Resort аппликэйшн дотор ч газрын зураг бий.

Хэрхэн Дисней явах

Метро : 11 дүгээр чиглэлийн метро Дисней орно. Дисней метро нь гадна талдаа Дисней баатруудын зурагтай байдаг. /Автобуснаас илүү метрогоор явсан нь хурдан, цаг хэмнэх боломжтой/

Автобус : Пүдонг / Pudong / чиглэлийн 50, 51, 52 номерын автобус

Анхаарах зүйлс

-Гадаад паспорт, цэнэглэгч, повербанк,  шүхэр, борооны цув, нарны малгай, мөн Диснейн метроноос буугаад гадаа жижиг дэлгүүрээс нь ойр зуурын идэх зүйлс авч орж болно.

-Усны хувьд гаднаас өөрөө худалдаж авч орж ч болно. Гэхдээ дотор ороод үнэгүй усны цоргууд байсан.

-Хоол авч орж болохгүй

-Эрт очих. Дугаарлавал эрт Дисней рүүгээ ороод олон тоглоом үзэх боломжтой.

2.Юү цэцэрлэгт хүрээлэн / Yu Garden / болон City God Temple of Shanghai

Шанхай  орчин үеийн хот хэдий ч эртний Хятадын уламжлалт соёлыг хадгалсан барилга, цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй. Тухайлбал, жуулчдын хамгийн их очдог Юү цэцэрлэгт хүрээлэн нь МЭ 1368-1644 онд Мин гүрний үед баригджээ.

Хятадын эртний өвөрмөц уран хийц бүхий барилгыг үзэж болох энэхүү цэцэрлэгийг тухайн үеийн Хятадын Сычуан мужийн захирагч Пан Юундуан 20 гаруй жилийн хугацаанд барьсан байна. Уг цэцэрлэгт хүрээлэнг 1961 оноос олон нийтэд нээлттэй үзүүлж эхэлжээ. Тус цэцэрлэгийн дэргэд худалдааны маш том гудамж байдаг.

Энэхүү гудамжны шөнийн үзэмж нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Тус гудамжинд очсоноор та Хятадын уламжлалт төрөл бүрийн хоол, цай, амттан, улаан дэн, гар урлалаас гадна эртний барилгуудын үзэмж шөнийн гэрэлтэй хэрхэн хосолж буйг харж болно. Худалдааны гудамжны хэсгийг үнэгүй үзэж болно.

Харин Юү цэцэрлэгт хүрээлэн рүү ороход 40 юанийн тасалбар худалдаж авах шаардлагатай. Нэгэнт та Юү цэцэрлэгт хүрээлэн орсон бол хажууд нь байрлах City God Temple of Shanghai - Хотын бурханы сүмийг үзэхэд илүүдэхгүй. Энэхүү сүм нь Хятадын Мин гүрний үед баригдсан, 600 жилийн түүхтэй сүм юм. Энэ сүмийг үнэгүй үзэх боломжтой.

Тасалбар үнэ: 40 юань / тасалбараа очоод авч болно/

Хэрхэн  явах: Метро: 10-р шугамын метро Юү цэцэрлэгт хүрээлэнгийн буудал дээр зогсдог.

Автобус: 11, 26, 64, 66, 736, 920, 926, 930 дугаар автобусанд суугаад Шинбэймэн /Xinbeimen Station/ буудал дээр буугаад  Anren Street гудамжаар алхаад  Юү цэцэрлэгт хүрээлэнд хүрч болно.

Цагийн хуваарь: 09:00-16:30 /16:00 гээд Юү цэцэрлэгт хүрээлэн рүү оруулдаггүй. Хэрвээ та мөнгө төлөн дотогш орох бол эрт ирээрэй. Шөнийн үзэмжийг үзэх бол үнэгүй. Тэр хавийн худалдааны гудамжаар явсан ч гайхамшигтай гэрэл, эртний барилгууд үнэхээр гайхалтай харагдаж байсан. Мөн энэ худалдааны гудамжинд шоколадны музей бий. Музейг үнэгүй үзэж болох бөгөөд дотор зарагдаж буй шоколаднуудаас худалдаж авах боломжтой. 

Бид дараагийн удаа та бүхэндээ Шанхай явахад зайлшгүй татах апп болон бусад үзэж болох газруудын талаарх мэдээллийг хүргэх болно.

Сэтгүүлч Н.Батзаяа