Бид өмнөх "Аян замын тэмдэглэл"-ээр Шанхай руу хэрхэн хямд аялах талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа Шанхайд очсоны дараа үзэж болох зүйлс болон ковидын дараагаас цахимд бүрэн шилжиж буй Хятад улсад ямар аппликейшнууд татаж авах талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Дорно дахины сувд радио, телевизийн цамхаг - Oriental Pearl Radio & TV Tower
Хуанпу голын эрэгт байрлах Шанхайн Дорно дахины сувд радио, телевизийн цамхаг нь нийт 468 метр бөгөөд 106 давхар барилгатай тэнцдэг. Энэхүү цамхагийг 1994 оны аравдугаар сарын 1-нд барьж дууссан байдаг. Цамхагийн эсрэг талд мөн 494 метр бүхий Shanghai world financial center, 632 метр буюу 128 давхар Shanghai tower байрладаг. Та радио, телевизийн цамхагийн урд байрлах гүүрэн дээр зургаа авахуулахаас гадна тухайн барилгуудынхаа доор нь очиж зургаа авахуулбал өндөр барилга илүү гоё харагддаг. Мөн телевизийн цамхагийн эсрэг талд Диснейн дэлгүүр бий. Гэхдээ та худалдан авах хийх бол Диснейн цэцэрлэгт хүрээлэнгийнхээ дэргэдэх дэлгүүрээс худалдан авалт хийгээрэй гэж зөвлөе. Диснейн дэргэдэх дэлгүүр нь илүү том бас сонголт ихтэй. Мөн цамхагийн хажууд Шанхайн урлагийн музей байрладаг тул хэрвээ танд сонирхолтой бол үзэх боломжтой.
Тасалбар: 180 юань /Оройн гарах бол 17:30 цагт цуглараад цамхаг руугаа гардаг гэж хэлж байсан. Тасалбараа мөн очиж байгаад авсан нь дээр санагдсан/
Цагийн хуваарь: 08:00-21:30
Метро : 2-р шугамын метронд суугаад 陆家嘴 - Liujiazui нэртэй буудал дээр буугаад 3 дугаар хаалгаар гарна.
Shanghai Bund
Хэрвээ та телевизийн цамхаг орсон бол тэндээсээ Вайтан буюу Shanghai Bund руу завиар хоёр юань төлөөд очих боломжтой. Мөн Вайтанаас Юү цэцэрлэгт хүрээлэн рүү алхаад очих боломжтой. Та Google map, Amap, Maps me зэрэг газрын зурагт очих газраа оруулаад алхаад очиж болно. Вайтанаас та Шанхайн хамгийн өндөр барилгуудын үзэмжийг харахаас гадна Хуанпу голыг харах боломжтой. Мөн голын эргийн ойролцоо завинд суугаад нэг цагийн турш Хуанпу голоор завиар аялангаа Шанхайг үзэх тасалбарууд худалдаж байсан. Тасалбар ойролцоогоор 170 юаниас эхэлж байсан. Оройн гэрэл нь 19:00-22:00 цагт асдаг.
Тасалбар: Үнэгүй. / Хуанпу голын эрэг дагуу гүүрнээс замын эсрэг талд байрлах Шанхайн өндөр барилгуудыг үнэгүй харж болно. Гэхдээ завиар зугаалах нэг цагийн аялал нь тасалбар худалдаж авах шаардлагатай/
Цагийн хуваарь: Өдрийн хэдийд ч очиж болно
Шанхайн шинжлэх ухаан технологийн музей / Shanghai Science and Technology Museum /
Шанхайн шинжлэх ухаан технологийн музей бол жуулчдын заавал үзэх газрын нэг билээ. Ялангуяа хүүхдүүддээ шинжлэх ухааны олон сонирхолтой бүтээл болон үзмэрүүдтэй танилцуулах сайхан боломж юм. Хятадын засгийн газраас иргэдийнхээ шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нэг тэрбум 755 сая юанын хөрөнгө оруулалт хийснээр музейн барилгын ажил анх 1996 оны гуравдугаар сард эхэлж байжээ. Музейг үзэхэд ойролцоогоор 4-8 цаг болно.
Гэхдээ хугацааны хувьд таниас шалтгаана. Ерөнхийдөө тайван нэг бүрчлэн хараад явбал нэг өдөр зарцуулна. Тус музейн тасалбарыг гадаад хүн онлайнаар захиалах боломжгүй тул та эрт очиж музейгээс нь авах ёстой. Мөн гадаадын жуулчдаас гадна дотоодын жуулчид ихтэй байдаг тул эрт очиж дугаарлах хэрэгтэй.
Музей тасалбар: 45 юань
Цагийн хуваарь: 09:00-17:00
Метро: 2 шугамын метро, 8дугаар хаалгаар гарвал музей руу гарна
Шанхай дахь тээврийн хэрэгсэл
Шанхайд автобус, такси метро зэрэг тээврийн хэрэгслийг ашиглаж болно. Гэхдээ том хот замын түгжрэлтэй учраас метро хамгийн тохиромжтой цаг хэмнэсэн сонголт юм. Та Шанхайд метронд суух бол эхлээд метроны тасалбар худалдаж авах шаардлагатай. Metro大都会 аппликэйшнийг татаад онлайнаар тасалбар авч болно. Мөн метроны буудлуудын үйлчилгээний хэсгээс тасалбар авч болно. Миний хувьд гурван өдрийн тасалбарыг 45 юаниар авсан. Мөн сануулахад метронд юм идэж, уух хориотой байдаг . Мөн энд өөрийн буусан зочид буудлын мэдээллийг оруулъя. Booking.com-оос Motel Shanghai Xinchuan Road гэдэг нэртэй буудалд хоёр өдрийн 369 юаны өрөө захиалсан. Энэ буудал цэвэрхэн, энгийн буудал байсан. Мөн европын аялагчид ч их ирдэг харагдсан. Хэрвээ та илүү үнэтэй тансаг буудал хайж байвал энэ буудал тохиромжгүй юм. Харин бага зардлаар аялахыг сонирхож буй хүмүүст илүү тохиромжтой.
Буудлын хаяг: No. 378 Xinchuan Road Chuansha, Pudong, Shanghai, 201200, China 浦东新区川沙新川路378号, 浦东新区 (上海, 201200)
Утасны дугаар: +86 21 6858 5008
Шанхай явахаасаа өмнө татаж авах аппликейшнүүд
Хятадад фэйсбүүк, инстаграмм, твиттер зэрэг сошиал медиа платформ хаалттай байдаг тул Хятад явахаасаа өмнө заавал хэд хэдэн VPN утсандаа татаарай. Ихэнх VPN төлбөртэй байдаг тул та олон улсын картаараа худалдан авч болно. Гэхдээ үнэгүй VPN ашиглахыг хүсэж байвал аль болох олон VPN татаарай. Учир нь зарим үнэгүй VPN ажиллахгүй тохиолдол байдаг.
- Alipay аппликэйшнийг татаад олон улсын картаа холбоорой. Төлбөр тооцоо хийхэд хэрэг болно.
- trip.com, booking.com аппликэйшний тусламжтай та буудлаа захиалах боломжтой.
- Shanghai Disney Resort аппликэйшнг татсанаар Дисней тасалбараа захиалахаас гадна очоод Диснейн газрын зураг гэх мэтчилэн хэрэгтэй мэдээлэл харах боломжтой. /Дисней явахдаа гадаад паспортоо заавал авч яваарай/
- Railway 12306 аппликэйшнээр та Хятад доторх галт тэрэг болон хурдны галт тэрэгний тасалбар захиалах боломжтой.
- 上海地铁 энэхүү аппликэйшнг татсанаар метроны чиглэлийг харах боломжтой.
- Google map заавал татаарай.
- Metro大都会 аппликэйшнг татаад Шанхай нэг өдрийн метроны тасалбар /15 юань/, гурван өдрийн метроны тасалбар/45юань/ онлайнаар захиалаад авч болно. Хэрвээ хэцүү санагдвал галт тэрэгний буудлаас service center буюу үйлчилгээний төвөөс аваарай. Тасалбараа бэлэн мөнгөөр авах боломжтой. Доор үйлчилгээний хэсгийн тэмдэглэгээ болон гурван өдрийн тасалбарын зураг орууллаа.
Сэтгүүлч Н.Батзаяа