-Орон нутагт ажиллах эмч, багш, сувилагч олдохгүй байна-
Улсынхаа нийслэлд багталцахгүй чихэлдэж, умгар зам дээрээ түгжирч, бухимдаж яваа монголчууд хөөрхий. Улаанбаатараас гараад хаашаа ч явсан хэдэн мянган км үргэлжлэх газар нутаг манайд байна. Гэвч утаатай нийслэлдээ уушгиа утаж амьдарч байхад орон нутаг “сөнөж” байгаа. Хүн ам цөөтэй, ажлын байр байхгүй, ажилгүйдэл газар авсан, хөгжил дэвшлийн үнэр ч байхгүй сум Монголоор дүүрэн байна. Ямар сайндаа л 90 жилийн турш модон жорлонгоосоо салаагүй юм уу гэдэг онигоонд орох вэ дээ. Тэр боловсон бие засах газар ч дүүрчээ, дүүрч. Орон нутагт төрийн албанд ажиллах боловсон хүчин олдохгүй байна. Багш, эмчийн хомсдолгүй аймаг, сум цөөхөн байгаа. Бүгд амьдрал амьдралаа өөд нь татах гээд хүний хөдөлмөрийг үнэлж чадаж байгаа улс руу явчихаж байна. Солонгос руу Монгол Улсын гаргаж байгаа ажиллах хүчний экспорт жилээс жилд нэмэгдсээр л. Манай улс гадагшаа байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гээд цөөн хэдхэн зүйл экспортолдог байсан. Одоо нэмээд хүнээ, ажиллах хүчнээ, төрийн албан хаагчдаа экспортолдог болсон.
Зуны амралт эхлээгүй байхад л багш нар Солонгос руу нүүдлийн шувуу аятай л цувцгааж байна. Намар хичээлийн шинэ жил эхлэх болчихоод байхад ирдэггүй. Бүр хичээл эхэлчихсэн байхад хүртэл Солонгос явчихдаг багш нар олон байдаг. Сургуулийн захиргаанаас “Солонгос явж биеэ эмчлүүлнэ” гэж чөлөө аваад явдаг. Сарын дараа эмчилгээ дуусдаггүй гэсээр дахиад нэг сар болдог. Дараа нь “Өнөө маргаашгүй очлоо” гэсээр сар болоод ирдэг гэж байгаа. Энэ хугацаанд сургууль тэтгэвэрт гарсан багш нараа гуйж, хичээл заалгаж, хүүхдүүдээ хохироолгүй аргалж байгаа жишээ маш их байна. Зөвхөн орон нутагт гэлтгүй Улаанбаатарт улсын сургуульд ажиллаж байгаа багш нар ч Солонгос яваад, олдохгүй. Орон зайг нь тэтгэвэрт гарсан багшаар нөхөөд явж байгаа тохиолдол ч бий. Аймаг, сумын эмнэлэгт ажиллах эмч, сувилагч олдохгүй, “там” болж байна. Ажлын ачаалал нь өндөр мөртлөө авдаг цалин нь баян айлын аяганы алчуурын үнэд ч хүрэхээргүй бага. Тийм болохоор мэргэжлийн эмч, сувилагч нар гуравдугаар шатлалын эмнэлэгт ажилд орно, эсвэл Солонгос явна хоёр сонголттой л байдаг, хатуухан хэлэхэд. “Одоо ажиллаж байгаа сувилагчдаас маань хоёр нь Солонгос явах гээд, сандаргаж байна.
Оронд нь ажилд орох хүн олддоггүй. Говийн аймгийн эмнэлэгт ирж ажиллах сонирхолтой эмч, сувилагч олдохгүй байна” гэж зовлон тоочих эмнэлгийн даргатай уулзаж л байлаа. Зөвхөн багш, эмч, сувилагч гэлтгүй аймаг, сумдын Засаг даргын тамгын газрын ажилтнууд ч Солонгос руу “нүүдэллэх” болсон. Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын орлогч хуралд оролцох гэж Солонгос яваад, тэндээ харлаж үлдсэн инээдэмтэй мэдээлэл гарч байлаа, оны эхэнд. Засаг дарга нь огцорсон байсан үед ажлыг нь хариуцах ёстой орлогч нь Солонгост харлахаар сумын захиргаа эзэнгүй болно биз дээ. Энэ мэтээр дарга, цэрэггүй Солонгос явж, орон нутагт боловсон хүчин олдохгүй аргаа барж байгаа. Тэглээ гээд багш, эмч, сувилагч, мэргэжилтэн, даргыг буруутгах уу. Тэдэнд буруу байхгүй. Хүний хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь үнэлж чадаж байгаа газар руу л тэд явж байна. Төрийн албаны цалин хэдэн төгрөг билээ. Тэр дундаа орон нутагт ажиллаж байгаа багш, эмч, сувилагч, цэвэрлэгч, үйлчилэгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс арай дээгүүр л цалин авч байна. Сардаа 500 мянган төгрөгийн цалинтай сувилагчаар ажиллаад, өвчтэй хүмүүсийн цус нөжийг цэвэрлэж, хонон өнжин ажиллах нь байх ёстой зүйл үү.
40, 50 хүүхэдтэй бага ангид хичээл заагаад, сарын 500 мянган төгрөгийн цалин аваад, амьдралаа залгуулах ёстой юу. Эрх баригчид нь “Эдийн засаг өслөө, дэвшлээ, сэхээнд хэвтэж байснаа босоод алхлаа. Үүр цайлаа, нар мандлаа” гээд л уран үг урсгаад байна. Тэр сэргээд байгаа эдийн засаг чинь ард иргэдийнхээ сэхээнд байгаа амьдралд ганц ширхэг дусал залгаад өгөх “сэтгэлгүй” хэрэг үү. Төрийн албаны цалин нэмнэ гэж хоёр жил ярилаа. Арай гэж нэг юм нэмэхээр боллоо гэтэл 30, 40 мянган төгрөг яриад сууж байна. Бүтэн жил махаа зулгаан байж зүтгээд, 10 сая төгрөгийн цалин авч байхаар гурван сар махийгаад тийм хэмжээний мөнгөтэй болох нь ашигтай биз дээ. Тиймээс Солонгос руу явах гэж үгээ хэлж, үсээ зулгааж байгаа иргэдээ, боловсон хүчнээ буруутгах арга алга. Харин энэ бүхнийг харсаар байж цалингаа 30 мянган төгрөгөөр нэмэх гээд сууж байгаа эрх баригчид, улстөрчдөд хөдөө эзгүйрэх нь ашигтай юм байлгүй дээ. Өнөөдөр нэг том хотын хүн ам гадагшаа явж, амьдарч, ажиллаж байна. Маргааш нэлээд хэдэн хотын хүн ам гадагшаа явбал яана.