Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгэн шинэ төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ нь "Гэрэлт гэр" барих төсөл. 2018 оны тавдугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад орох нь.
Төслийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэн 42 метрийн диаметртэй, 15 метр өндөртэй ган төмрөн бүтээц бүхий гэр, гэрэлт гудамж, сүйх тэрэг, тоглоомын талбай, усан оргилууртой болох гэнэ. Усан оргилуур нь 400 метрийн урттай. Монголын хамгийн урт усан сувгийг гэрэлт нуман арк, гэрлээр чимэглэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа ажээ. Энэхүү усан гудамж нь зундаа залуучууд, гэр бүл, хүүхдүүдэд усан завийн үйлчилгээг үзүүлэх ба өвлийн улиралд мөсөн гулгуурын суваг болгон ашиглахаар төлөвлөжээ.
Түүнчлэн халуун хоол, амттан, зууш, ундаагаар үйлчлэх зориулттай 9 бага гэрийг dome загвараар барьж ашиглалтад оруулжээ. Уг гэрийн онцлог нь Монгол урчууд нарс модыг уламжлалт аргаар нумруулан хийсэн ба 360 градус бүхий харагдацтай нуман шилтэй.
Гэрэлт гудамжийн хувьд 240 метр урт, сүүлийн үеийн гэрлээр тоноглогдсон байх юм.
Мөн хоёр танхимтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий кино театр байгааг төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс мэдээллээ.
Бас нэг сонирхол татсан бүтээн байгуулалт нь Сүйх тэрэгний үйлчилгээ үзүүлэх гэнэ. Уг сүйх тэрэг нь цахилгаан мотороор ажилладаг байна.
“Гэрэлт гэр” төслийг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн НӨҮГ, Love light land ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж.