Энэ оны наймдугаар сард улсын комисс анх хүлээн авсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг усанд автжээ. Улмаар энэ даваа гарагт хүүхдээ хүлээж авах гэж байхад цэцэрлэгийн зоорины давхарт гутлын түрий давахаар ус тогтож, тоггүй болчихоод байгаа аж. Хоёр цаг тутамд насосоор шахдаг ч ус эргэж нэвчээд байгаа бөгөөд галын аюултай байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Мөн гүний худаг дээр баригдсан гэдэг урьдчилсан дүгнэлт гарсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын албан тушаалтан онцлов.
Цэцэрлэг анх 1954 онд ашиглалтад орсон аж. Барилга ашиглалтын хугацаа дуусч, 2013 оноос үйл ажиллагааг нь зогсоох ёстой гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан учраас нураасан гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Улмаар 2017 оноос шинэчлэн барьж, 2018 онд ашиглалтад орсон ч эхнээсээ асуудал үүсгэж эхлэв.
Тус цэцэрлэгийг 1.7 тэрбумын хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд санхүүжилтийг дүүргийн төсвөөс гаргажээ. Цэцэрлэгийг улсын комисс хүлээж авахад ямар нэг зөрчил байгаагүй, яамны зүгээс ч эрсдэлгүй, хүүхэд хүлээж авахад болно гэсэн дүгнэлт гаргасан байгаа юм. Өнгөрөгч пүрэв гарагт Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар хүргүүлсэн зөвлөмжийг хэрхэн биелүүлсэн эсэх асуудлаар төрийн болон цагдаа, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзах үеэр энэ цэцэрлэгийн талаар анх олон нийтэд мэдээлсэн юм. 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус цэцэрлэг есдүгээр сарын 01-нд хүүхдээ хүлээж авах боломжгүй хэмээж байсан ч маргаашнаас хэвийн ажиллаж эхлэх юм байна.