ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Босоо” аварга

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-03

Монгол Улсын урдаа барьдаг тамирчдын нэг бол яах аргагүй Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон. Тэрбээр хар багаасаа спортод хөл тавьсан бөгөөд уйгагүй хичээл зүтгэл, ээждээ, эх орондоо  өгсөн амлалт нь алдарын оргилд хүргэсэн гэдэг. Тэрбээр саяхан “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд  П.Орхон өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медаль хүртэж, монголчуудын магнайг тэнийлгээд байсан юм. Энэхүү ялалт  дан ганц П.Орхоных байгаагүй. Монголчуудын ялалт байв.

Тэр тив, дэлхийд дуурсагдах илүү олон ялалтыг авчирч чадах ирээдүйтэй тамирчин гэдгээ баталж харуулсаар байна. Гэтэл энэхүү ялалтыг тойрсон хэл ам гарч,  допингийн  сорьцоос сэргээш илэрсэн. Тиймээс Азийн наадмын алтан медалийг хурааж магадгүй гэх харуусмаар хар мэдээлэл гараад байгаа билээ. Тэрбээр “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй. Хүмүүс намайг хорлосон байна,  надад нотлох баримт бий” гэх тайлбарыг өгснөөс өөрөөр мэдээлэл хийгээгүй. Гэхдээ энэ бодох л ёстой зүйл. Олон хүчирхэг тамирчдыг ялж, тэмцээнд орох эрхээ өвөртөлсөн түүнд гомдол тээсэн нэгэн байх ч үгүйсгэхгүй. Мөн олон орны хүчирхэг тамирчид өрсөлдсөн дэлхийн дэвжээнд хар буруу санах нэгэн ч таарахыг бас үгүйсгэж болохгүй.

Түүнчлэн багш,  дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нар Монголын чөлөөт бөхийн холбоотой тийм ч сайхан харилцаатай биш гэх мэт олон зүйлийг нэрлэж болох. Энэ бүхний аль нь ч байсан хэнд ч хэрэггүй, хоосон атаархал, хорслоос хэтрэхгүй. Хаанаас  шидсэн “чулуу” байх нь хамаагүй ч  Монголын ирээдүй болсон тамирчны хөлийг туших, нэрийг сэвтээх зохисгүй үйлдэл байж болохгүй. Дэлхийн дэвжээнд сөхөрдөггүй хат, нугардаггүй хүчийг бодож, хүчтэй байгаарай П.Орхон оо, 2020 оны олимпын дэвжээнд аварга болохыг хүсэн ерөөе.