ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зангарагтай түшээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-04

Өнөөгийн парламентад сууж байгаа эмэгтэй улстөрчид байтугай эрчүүдээс ч илүү мэдлэгтэй, чадвартай гишүүн бол З.Нарантуяа.  Чуулганы танхимд хэлж байгаа үг, ярьж байгаа сэдэв нь үргэлж жинтэй, тооцоо судалгаатай, тоо баримттай байдаг. Тэр дундаа эдийн засаг, банк санхүү, төсөв мөнгөтэй холбоотой асуудалд няхуур хандаж, алдаа мадгийг нь хууль санаачлагчдад хэлж өгдөг нь ч З.Нарантуяа гишүүн. Өчигдөр гэхэд л хамгийн чухал асуудлыг хөндөж, УИХ-аар нээлттэй сонсгол хийх санал тавихаа мэдэгдлээ.  

УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын хуулийг баталж, мөнгийг нь ч хуваарилж өгсөн. Гэтэл бодит байдалд хүүхэд хамгааллын байдал сайжирсан гэж харагдахгүй байна гэдгийг хэлсэн юм.  Мөн УИХ-ын гишүүний хувиар Ерөнхий сайдад хандаж, хүүхэд хамгааллын чиглэлээр асуулга тавьсан гэдгээ ч хэлсэн. Тэрбээр  “Асуулгын хариултаас харахад, хүүхдийн эсрэг захиргааны зөрчил 25 хувиар өсч, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг огт буураагүй байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 16 хүүхэд хүчирхийллийн  улмаас амь насаа алдсан байна” гэв. Уг нь хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд эмэгтэй гишүүд анхаарч, таван тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн юм билээ.  

Гэтэл төсөвт суулгаж өгсөн мөнгөний ихэнхийг нь сургалт зохион байгуулсан нэрээр үрчихсэн аж. Тиймээс нээлттэй сонсгол хийж, төсвийн мөнгийг хэрхэн зарцуулсныг нарийн тодруулах шаардлагатай гэж үзсэн юм.  Хүүхэд хамгаалал манай улсад хамгийн их тулгамдаж байгаа асуудал.  Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байгаа ч үр дүн муутай ажиллаж байгаа.  Тиймээс төр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Гэвч хууль батлаад,  мөнгө төсөвлөөд байхад бодит ажил биш хурал хийж, үрэн таран хийсэн бол шалгах нь чухал юм. Энэ асуудлыг З.Нарантуяа гишүүн гаргаж тавилаа. Аргагүй сэдэв ярьдаг, шударга ёс шаарддаг, зангарагтай гишүүн юм. Эрх баригчид АН-ын гишүүн гэж харалгүй, хүүхэд хамгаалал гэдэг талаас нь хандаж, нээлттэй сонсгол хийчихээсэй билээ.