"Монгол бизнес" дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэж байсан 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч бөөлжиж, гүйлгэсэн гэх хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарлаа. Тэдгээр хүүхдээс зургаан хүүхэд нь хордлогын зэрэг өндөр байсан учраас ЭХЭМҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол үлдсэн хүүхдүүдэд дүүргийн эмнэлэг тусламж үйлчилгээг үзүүлэн заримыг нь гэрт нь буцааж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгөөр ахлуулсан ажлын хэсэг яг одоо тус сургуульд ажиллаж байна. З.Төмөртөөмөө орлогч энэ асуудлаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Зургаан хүүхдийг ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчилж байна.
15.00 цагийн үед эхний хүүхэд "дотор муухай оргилоо" хэмээгээд бөөлжиж эхэлсэн юм билээ. Маш түргэн шуурхай арга хэмжээ авч, Эх нялхас руу хүүхдүүдийг үзүүлсэн байсан. Зургадугаар ангид нийтдээ 54 хүүхэд суралцаж байсан.
Дүгнэлт гартал цахимаар хүүхдийг хичээллүүлж, байрыг битүүмжиллээ. Нийслэлийн хэмжээнд 47 сургууль гурван ээлжээр хичээллэх магадлалтай байгаа бөгөөд 18 дугаар сургууль тэдгээр сургуулийн нэг юм. Тэд гурван ээлжээр хичээллэхгүйн тулд "Монгол бизнес" дээд сургуулийн байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байжээ. Түрээсийн орчин нөхцлийн асуудлаар Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох газрууд анхаарал хандуулж, агааржуулалт болон бусад асуудлаар шаардлага тавьж байсан ч алдаагаа засаагүй. Аргагүйн эрхэнд л түрээсэлж байсан" гэлээ.
Хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар тус сургуулийн захирал Д.Ган-Уяа "Эхний цаг Дуу хөгжмийн хичээл орсон. Тэр үед ямар нэг юм мэдэгдээгүй юм билээ. Хоёрдугаар цаг технологийн хичээл орж байхад хойгуур сууж байсан хүүхдүүд бие эвгүй боллоо гээд гарсан байсан. Гуравдугаар цагаас нэлээд олон хүүхэд бие нь эвгүйрхэж эхэлсэн. Маш шуурхай арга хэмжээ авч, цагдаад дуудаж, эмнэлгийн тусламж авч эхэлсэн. Хүүхдүүдийн хэлж байгаа мэдээллээр хойгуур сууж байсан хүүхдүүд муухай үнэр үнэртлээ гэж хэлсэн юм билээ. Монгол бизнес сургууль дээр 6-8 дугаар ангийн 700 гаруй хүүхэд хичээллэж байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон" гэлээ.