“Монголын мэдээ” сонин “Dardas.mn” сайт “Хашаагүй Улаанбаатарын төлөө” аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү аянаараа бид эзэмшил газраа хашиж явган зорчигчдод хүндрэл учруулсан хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын хашаа “Хатгагчид”-ыг онцолж, хашаагаа буулгахыг уриалдаг билээ.
Бид энэ удаагийн дугаартаа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Г.Чагдаржавын нэрэмжит гудамжинд байрлах “Platinum hotel”-ийн явган зорчигчийн зам хааж барьсан хашааг онцоллоо. Уг зочид буудал нь бетон суурьтай, нэг метрийн өндөр, 15 метр урт төмөр торон хашааг явган хүний зам хааж барьжээ. Дээрх хашаанаас болж явган зорчигчид авто машины замаар яваад осолд өртөх эрсдэлтэй юм. Зам хааж барьсан хашаагаа чөлөөлж иргэдийн эрхийг хангахыг тус байгууллагад уриалж байна.