ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Карьер экспо-2023” өдөрлөгөөр 5000 гаруй ажлын байр зарлагдлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-29

Эх орондоо болон гадаадад, сурч, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой “Карьер экспо-2023” залуусын хөдөлмөрийн өдөрлөг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр боллоо.

Өдөрлөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, HR клуб, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулсан юм.

Уг үйл ажиллагаанд Монголын томоохон 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 5000 орчим ажлын байр, Төрийн өмчит болон нийтийн аж ахуйн байгууллагад бэлэн байгаа ажлын байрыг тус тус нээлттэй зарлалаа. Ажил горилогч иргэд тухайн байгууллагын хүний нөөцийн менежерүүдтэй шууд ярилцлага хийж, өөрийн сонирхсон чиглэлээр анкет бөглөх зэргээр нэг дороос бүх үйлчилгээг авах боломжтойгоор зохион байгуулснаараа энэ удаагийн экспо онцлог байв.

Үүнээс гадна хуульч, сэтгэлзүйчийг ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ хийхэд гаргадаг нийтлэг алдаа болон гэрээг хэрхэн байгуулах, нэгэнт хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн залуус асуудлаа хэрхэн шийдвэрлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх зөвлөгөө мэдээллийг ч өгч байсан юм. Өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажил олоход хүндрэлтэй иргэнийг урт хугацаанд тогтвортой ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд  нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж буй “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг тус тус нээснээрээ онцлогтой байлаа.

Mungkin gambar 2 orang dan teks

Үйл ажиллагааны ач холбогдлын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Дэлхий даяар төгсөх курсийн оюутнууд одооноос төгсөөд хаана ажиллах, анкетаа хэрхэн бөглөх, өөрийн академик замналаа хэрхэн төлөвлөх вэ гэдгээ бодож эхэлдэг. Өнөөдрийн үйл ажиллагаанд 50 гаруй ажил олгогч байгууллагаас гадна Монголын 21 аймаг, гадаадад ажиллаж амьдарч буй хүмүүс цахимаар оролцож байна. Залуусын хувьд ажлын байранд гарахад олон хүндрэлтэй тулгардаг. Хууль эрхзүйн талын мэдлэг дутмагийг нь далимдуулж ажил олгогчдын зүгээс туршилтын журмаар ажиллуулчихаад цалинг нь өгдөггүй зэрэг асуудал бий.

Тиймээс бид 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай шинэ хууль, мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Нийгмийн даатгалын хуулийг экспогоороо залуустаа танилцуулж байна. Ковидын дараа ажил олгогчид ажиллах хүчний хомсдолд орсон, нөгөө талаар залуусын дунд ажилгүйдлийн төвшин өндөр байна. Гадаад руу ажиллах хүчээ ихээр алдаж буй энэ цаг үед карьер экспо, хөдөлмөрийн оновчтой бодлого чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагаа залууст хөдөлмөрлөх эрхийг хангах цаашлаад сонирхсон ажлын байраа олж авах чухал арга хэмжээ болж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Keterangan tidak tersedia.

Харин Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү илүү олон залуусыг хамруулж чадсанаараа энэ удаагийн Карьер экспо өргөн хүрээтэй болж байгааг онцолж байв. Тэрбээр “Карьер экспо өдөрлөг 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн экспо гадаадад, дотоодод төгсөгчдийг ажлын байранд зуучлахаас гадна тэдэнд Монголд хөдөлмөрлөх олон боломж бий гэдгийг харуулах, уриалах зорилготой юм. Түүнчлэн, биечлэн ирэхээс гадна гадаадад байгаа болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй залуус expomongolia.org платформоор сонирхсон ажлын байртайгаа танилцаж, шууд ярилцлагад орж, ажилд зуучлуулах боломжтойгоор зохион байгуулж буйгаараа онцлог. Залуусын хөдөлмөр эрхлэхдээ гаргадаг алдаа, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай хууль эрхзүйн шаардлагатай бүх мэдээллийг өгч ажиллаж байна” гэлээ.

Ингээд экспод оролцсон зарим аж ахуйн нэгж болон ажил хайгч иргэдийн төлөөллийн сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

Б.Номин-Эрдэнэ: Монос групп 30 гаруй нээлттэй ажлын байрыг санал болгож байна

/Монос косметикс компанийн хүний нөөцийн менежер/

Keterangan tidak tersedia.

-Манай Монос групп өнөөдрийн хөдөлмөрийн өдөрлөгөөр үйлдвэрлэлийн болон импортын бараа бүтээгдэхүүн борлуулалтын чиглэлийн 10 гаруй компанидаа 30 гаруй нээлттэй ажлын байрыг зарлаж, залууст санал болгож байна. Энд туслах ажилтнаас эхлээд нарийн мэргэжлийн ажлын байр ч байгаа. Тухайлбал, эмийн үйлдвэртээ эм найруулагч, лаборант. Гоо сайхны үйлдвэрлэлийн чиглэлээр химич, технологич, мөн бүх үйлдвэртээ туслах ажилтан, агуулахын бэлтгэгч зэрэг ажлын байрыг зарласан.

Санхүүгийн чиглэлээр гэвэл нягтлан бодогч, менежер гэх мэт бүхий л чиглэлийн ажлын байр байгаа. “Карьер экспо”-д компаниудын хүний нөөцийн ажилтнууд ирсэн учраас эндээ ярилцлагаа хийгээд тухайн хүн сонирхож байгаа тохиолдолд анкет бөглүүлж авч байна. Ирэх долоо хоногоос анкетаа шүүгээд шаардлага хангаж байгаа хүнтэйгээ эргэн холбогдож, ярилцлаганд урих зэргээр ажилд авах дараа дараагийн үйл явц үргэлжилнэ.

Ш.Оюунчимэг: Цалинтай сургаад авах ажлын байр манайд маш олон байна

/Говь ХК-ийн хүний нөөцийн менежер/

Keterangan tidak tersedia.

- Монголын 42 жилийн түүхтэй ууган компани болох Говь ХК дотооддоо болон дэлхийн зах зээлд гарсан олон охин компаниудтай. Өнөөдрийн өдөрлөгийн үеэр 30 гаруй нээлттэй ажлын байрыг зарласан. Сурч хөгжих чин хүсэлтэй, дэлхийн зах зээлд байр сууриа эзэлсэн компанид ажиллаж өсч дэвжих хүсэлтэй залуус, хүн бүрт манай үүд хаалга үргэлж нээлттэй.

Оффисийн ажлаас гадна үйлдвэрлэлд анхнаас нь сургаж авах ажлын байр ч байна. Сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэр гэх мэт цалинтай сургаад авах ажлын байр манайд маш олон байгаа шүү. Мэргэжил, туршлага шаардахгүй, нас заахгүй. Ажлын байрандаа цалинтай сургаад авна. Энэ бол маш том давуу тал гэж бодож байна. Манайд ажиллахыг хүсвэл цахимаар болон үйлдвэрийн байранд шууд ирээд уулзах боломжтой. Манай үүд хаалга үргэлж нээлттэй.

Д.Уранчимэг: Манай өдрийн хөдөлмөрийн бирж 365 хоногт өглөө бүр залуусыг ажилд зуучилж байна

/Samushil хөдөлмөр зуучлалын фирмийн Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч/

Keterangan tidak tersedia.

- Манайх Монголд 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Samushil брэндийг хэрэгжүүлэгч өдрийн хөдөлмөрийн бирж гэж ойлгож болно. Жилийн 365 хоногт өглөө бүр 07:00-07:30 цагийн хооронд ажилд зуучилдаг. Барилгын туслахын ажил илүү түгээмэл. Эмэгтэйчүүдийн тухайд барилгын цэвэрлэгээ, зөөгч, угаалга, гэр цэвэрлэгээ, оффис цэвэрлэгээ гэх мэтчилэн маш олон төрлийн ажлын байр манай samushil -ын 10 салбарт байна.

Манайд залуус өглөө ирээд ямар ч CV бөглөхгүйгээр шууд ажилд гардаг. Барилгын талбарт ажиллах тохиолдолд ажлын гутал, хувцас хэрэг болно. Мэдээж ямар нэг төрлийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ёсгүй, насанд хүрсэн байх ёстой. Зарим хөнгөн ажлын байранд ахлах ангийн сурагчдыг эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр ажиллуулах тохиолдол бий. Хөдөлмөрийн хөлсний тухайд эрэгтэй, эмэгтэй гэсэн үндсэн хоёр тарифтай. Эмэгтэй нь 60 мянга, эрэгтэй нь 90 мянга. Гагнуур, гадна дотор засал хийдэг бол нэмэгдэлтэй. Мэргэжлийн тогооч хүн байлаа гэхэд захиалагч байгууллагатайгаа ярилцаж цалинг тохиролцож болдог.

Т.Билэгсайхан: Хүний нөөцийн ажилтнуудтай нь шууд ярилцаж, сонголт хийх боломжийг олгосон нь сайшаалтай

/Ажил хайгч иргэн/

Keterangan tidak tersedia.

- Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн элсэлт хариуцсан ментороор ажилладаг. Удахгүй ажлаа хүлээлгэн өгөх тул Карьер экспо залуусын хөдөлмөрийн өдөрлөгт оролцоод ажлын байрны мэдээлэлтэй танилцаад явж байна. Анх удаа оролцож байгаа хүний хувьд залууст маш хэрэгтэй үйл ажиллагаа болдог юм байна.

Залуус ихэвчлэн цахим орчинд ажил хайдаг. Энд ирсэнээр маш олон ажлын байрны мэдээлэлтэй нэг дор танилцаж, хүний нөөцийн ажилтнуудтай нь шууд ярилцаж, сонголт хийх боломжийг олгосон нь сайшаалтай. Миний хувьд одоогоор таван байгууллагад өөрийн сонирхсон чиглэлийн дагуу анкет өгсөн. Танилцаад л явж байна даа. Цаашдаа зохион байгуулагчид экспогийн мэдээллийг илүү олон сувгаар өргөн хүрээтэй сурталчлаасай гэж хүсч байна.

Н.Энхболд: Өөрт тохирсон, гэртэйгээ ойр ажлын байр сонирхож ирсэн

/Ажил хайгч иргэн/

Keterangan tidak tersedia.

- Би хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирсон ажлын байр хайж ирсэн. Зохион байгуулалтын хувьд дажгүй болж байна. Нийгмийн сүлжээнээс Худалдаа аж үйлдвэрийн танхимд залуусын хөдөлмөрийн өдөрлөг “Карьер экспо” болох гэж байна гэх мэдээллийг аваад ирсэн юм. Байгууллагуудтай танилцаад л явж байна.

Одоогоор CU болон MCS coca cola компани хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах боломжтой гэсэн мэдээлэл өгч байна. Өмнө нь ноосны үйлдвэрт ажиллаж байгаад хувийн ажлын улмаас гарсан. Эргээд орох гэсэн ч гэрээс холдоод нүүчихсэн учраас боломжгүй болчихсон юм. Байгууллагуудын мэдээлэлтэй танилцаад гэртэйгээ ойр салбар бүхий газар ажилд орох бодолтой явна.

Б.Мөнхдалай: Биечилж уулзсан нь илүү дээр юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна

/Ажил хайгч иргэн/

Keterangan tidak tersedia.

- Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2021 онд төгссөн. Энэ удаагийн хөдөлмөрийн өдөрлөгт санхүүгийн чиглэлийн ажлын байр хайж ирсэн. Монголын томоохон компаниуд энд ирсэн байна. Би банкны салбар болон жижиглэн худалдаа үйлдвэрлэлийн салбарын ажлын байр сонирхож байгаа.

Ерөнхийдөө Zangia аппаар хандсанаас биечилж уулзсан нь илүү дээр юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Маш олон компанийн хүний нөөцүүд ирсэн байна. Эндээ шууд ярилцлага хийж байгаа нь таалагдлаа. Миний хувьд Говь, Ханбогд, ТЭСО гэх мэт байгууллагад ажилд орохоор анкет өгсөн. Ер нь бол шаардлагатай мэдээллийг хангалттай авч чадсан.

Mungkin gambar 6 orang dan teks

Mungkin gambar 5 orang dan teks

Mungkin gambar 13 orang dan teks

Mungkin gambar 2 orang, mimbar dan teks yang menyatakan 'SAMU VIP'