ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ням-Очир: Арванхоёрдугаар сарын 23-наас сурагчдын амралт эхэлнэ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-10

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд амраах санал гаргасан билээ. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.  

-Энэ өвөл сурагчдыг урт хугацаанд амраах шийдвэр гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2018 оны зургаадугаар сард 2018-2019 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан БСШУС-ын сайдын тушаал гарсан байгаа. Уг тушаалд утаа, ханиад томууны улирал арванхоёрдугаар сард эрс өсдөг учраас бага ангийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 23-аас амраахаар баталсан. Үүнээс гадна, бид энэ хичээлийн шинэ жилийн бүтцэд цагаан сарын үеэр хөдөө, орон нутгийн хүүхдүүдэд харих боломж олгож байгаа. Хөдөө, орон нутгийн хүүхдүүд хөдөө гэррүүгээ явахын тулд долоо хоногийн хичээлээ алддаг.  Ийм учраас сурагчдыг хохироохгүй байх үүднээс цагаан сараар сурагчдыг долоо хоног амраахаар болсон. Түүнчлэн, хаврын мал төллөлттэй холбоотойгоор орон нутгийн сурагчид гуравдугаар улиралд долоо хоног амардаг байх асуудлыг зохицуулсан  хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан.

-Эрүүл мэндийн сайдын гаргасан саналыг олон нийт хэр дэмжиж байгаа вэ? 
-Ер нь арванхоёрдугаар сарын 23-наас сурагчдын амралт эхэлнэ. Гэхдээ хоёр сар хүртэл үргэлжлүүлж амрах асуудлыг бид эргэж ярина. Яагаад гэхээр Монгол Улсын ЕБС жилд  35 долоо хоног хичээллэдэг. Тэгэхээр хичээлийн үргэлжлэх хугацаа 160-165 хоног болж байгаа юм. Дэлхийн нийтийн жишиг бол 185-200 хоног байдаг. Үүнээс үзвэл бид дэлхийн жишгээс цөөн хоног хичээллэхээр байна. Тиймээс цаашид урт хугацаагаар амарсан тохиолдолд ЕБС-ийн агуулгаа нөхөх, хөтөлбөрөө бүрэн гүйцэд хүүхдүүддээ эзэмшүүлэхэд бэрхшээл тулгарна. Гэхдээ гарцаа байхгүй ханиад томуу дэгдээд, хорио цээр тогтоох зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зохицуулаад явахаас өөр арга байхгүй. Мэдээж мэргэжлийн байгууллагаас шалгаж шинжлээд урт хугацаанд сурагчдыг амраах нь зөв эсвэл буруу снал дүгнэлтээ ирүүлсэн тохиолдолд  хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулсан сайдын тушаалд өөрчлөлт оруулах асуудал яригдана байх гэж бодож байна. 

-Багш нарын ажил хаялт үргэлжилж байгаатай зэрэгцээд урт хугацаанд амраах асуудал гараад ирлээ. Сурагчид агуулгаа бүрэн үзэхийн тулд нэлээд ачаалал авах бололтой? 
-Багш нар ажил хаяснаас үүдэн бид нэг долоо хоног алдчихлаа. Үүнтэй зэрэгцэн урт хугацаагаар амраачихаар гуравдугаар улирлын амралтыг сурагчид эдлэхгүй байх асуудал гарах байх. Урт хугацаагаар тасралтгүй хичээллэхээр хүүхдүүд хаврын уртад ядрах нь тодорхой.  Энэ мэт олон зүйлийг бүх талаас нь харж зохицуулах шаардлага үүсч байна. Бид аль болох хүүхдүүдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлж хамгаалах, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд бүхий л талын дэмжлэг үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Сурагчдыг гэрт нь амраах гэхээсээ илүү боловсролын байгууллага, эцэг эхчүүд, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах ёстой гэж бодож байна. 

-Хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхлэн алслагдсан сумдад цөөхөн хүүхэд сурч байна гэсэн мэдээлэл гарах болсон. Тухайлбал, Төв аймгийн Сэлэнгэ суманд 67 хүүхэд сурч байх жишээтэй. Үүний шалтгаан нь юу юм бол?
-Ерөөсөө төвлөрлийг сааруулах бодлого явуулж байж уг асуудлыг шийдэх ёстой. Монгол Улсад 100-аас доош хүүхэдтэй 46 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Тавиас доош хүүхэдтэй 78 дотуур байр үйл ажиллагаа явуулж байна. Дотуур байрууд 50-аас доош хүүхэдтэй ч гэсэн 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байранд тэр хэмжээний тогтмол  урсгал зардал гарч байгаа. 320 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 60 хүүхэд сурч байгаа бол тэр хэмжээний л зардал гарах нь тодорхой. Тэгэхээр цаашдаа эдийн засгийн маш том тулгуур бодлого явуулж байж төвлөрлийг сааруулах, хот  хөдөөгийн ялгаатай байдлыг арилгах, сургалтын чанарыг Монгол Улсын өнцөг булан бүрт хаана ч байсан жигд хүртээмжтэй, чанартай байх асуудлыг үе шаттай хийх хэрэгтэй. Ингэж байж уг асуудал шийдэгдэнэ. 

-Цөөхөн хүүхэдтэй гэдэг шалтгаанаар сурагчдад хичээл орохгүй байж болох уу. Үүнд хэн хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
-Бид тэгэж хүүхдийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Зургаан хүүхэдтэй байсан ч орох ёстой хичээл нь төлөвлөгөөний дагуу явах ёстой. Аймаг бүрт орон нутгийн боловсрол, соёл урлагын газрууд байдаг. Уг газар нь орон нутагтаа боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд анхаарч хяналт тавих ёстой. Хэрэв ийм асуудал гарсан тохиолдолд аймгийн Боловсрол соёл урлагын газар арга хэмжээ аваад ажиллах боломжтой.