Улстөрчдийн дунд сайн, муу олон хүн бий. Зарим нь мөнгө тараагаад ч болов улс төрд танигдахыг хичээнэ. Нэг хэсэг нь шударга дүр эсгэж, шоу хийхээ андахгүй. Төрийн түшээгийн зангараг гаргаж, түмэн олны төлөө ажилладаг хэсэг ч бас байгаа. Тэгвэл өнөөгийн парламентад үе тэнгийн улстөрчид дундаа арай илүү үнэнд ойрхон яваа улстөрчийн нэг нь Т.Аюурсайхан хэмээн тоох болов. Энэ залуугийн талаар зарим нь таагүй зүйл ярьдаг. Сайд даргын туслах хийж явсаар улс төрд орсон, намаа шантаажилсан гэх мэтээр харлуулах нь олонтай. Гэвч парламентад суусан хоёр жилийн хугацаанд Т.Аюурсайхан үнэнд илүү ойрхон ажиллаж байна.
Эрх баригч болсон хэмээн намдаа тал засаж гүйсэнгүй. Сөрөг хүчнээ ямар ч хамаагүй үнээр доромжилж танигдахыг бас хүссэнгүй. Хамгийн сүүлд тэрбээр УИХ-д “Авлигын эсрэг лобби” бүлэг байгуулж, түүгээрээ дамжуулан бохир улс төрийн эсрэг эерэг хандлага түгээх гэж хичээж явна. Улстөрчдийн хамгийн их мөнгөө нуудаг Хонгконг, Сингапур, Швейцар зэрэг улсыг “оффшор бүсэд бүртгэлтэй улс орнуудын жагсаалт”-ад оруулсан байсныг хасчихсан намын удирдлагуудынхаа эсрэг тууштай тэмцэж, өчигдөрхөн мэдэгдэл хүргүүлжээ. Тэмцлийнх нь төлөө энэ залууг нэг удаа магтмаар санагдлаа. Үүний цаана ямар улс төр явж буйг мэдэх юм алга. Гэвч, түүний тэмцэл нийгэмд хамгийн чухал зүйл болоод байгаа юм.
Улсаас хулгайлсан мөнгөө нуудаг газраа хамгаалж, хоёр орны найрсаг харилцаа гэх арга ядсан улс төр хийж буй хүмүүстэй Т.Аюурсайхан тэмцэж байгаа нь чухал юм. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч болно гэдэг амаргүй. Тэр тусмаа хамгийн шударга зүйлийг ярьчихаад шударга бусыг хийж яваа ах нараасаа суралцаж, тэдний алдааг давтахгүй байж гэмээнэ хэдхэн жилийн дараа тэр зангарагтай түшээ болж чадах биз ээ. Ийм бодолтой олон зуун хүний итгэлийг битгий алдаарай. Зөв тэмцлээ шантааж болгож битгий ашиглаарай, Т.Аюурсайхан гишүүн ээ.