АН-ынхан Залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээ ирэх сард тодруулна. Уг холбооны тэргүүнд өрсөлдөхөөр яригдаж эхэлсэн залуучуудыг танилцуулж байна.
Одоогоор яригдаж эхэлсэн нэрсээс М.Амгаланбаатарт залуучууд ам сайтай байгаа гэх шуум чих дэлслээ. Тэрбээр сүүлийн найман жилийн хугацаанд АЗХ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан, залуучуудын байгууллагад сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа ажээ. Түүний хувьд өнгөрсөн намын даргын сонгуулиар тодорхой үүрэгтэй гүйцэтгэж сайн ажилласан учраас Лу.Гантөмөр талаас дэмжлэгтэй хэмээн намынхан нь ярьж байгаа бөгөөд АЗХ-нд С.Эрдэнэболдын генсекээр ажиллаж байв.
Мөн Н.Болдбаатарыг “Шонхор” фракц зүтгүүлэх гэнэ. Нам нь талцаж хагаралдах үед С.Эрдэнэ талаас АЗХ-ны тэргүүнээр сонгогдож байсан нэгэн. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн намын дарга юм. Түүнийг хүчтэй дэмжих хүн нь С.Эрдэнэ буюу “Шонхор”-ынхон.
Түүнчлэн Морьтон фракцын Б.Ган-Очирын хувьд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр уг сонгуульд өрсөлдөхөөр орж иржээ. Түүнийг УИХ-д сойж буй залуучуудынх нь нэг гэх яриа ч гарах болсон.
Дээрх гурван хүчтэй өрсөлдөгчтэй “Open” клубийн Б.Батзаяа хүч үзэхээр болжээ. Түүнийг АЗХ-ны хуучин дарга С.Эрдэнэболд дэмжиж байгаа гэлээ. АЗХ-ны дэд даргаар С.Эрдэнийн үед ажиллаж байсан Б.Даваасүрэн, Л.Ганхөлөг зэрэг залуус өрсөлдөх юм байна.
Үүнээс харахад АЗХ-ын тэргүүний өрсөлдөөн гурван хүний дунд явагдах нь. Өөрөөр хэлбэл, АН-ын одоогийн дарга Лу.Гантөмөр, экс дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын дунд ширүүхэн гал гарсан сонгууль болно гэсэн үг.