ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Зэлтэрийн гацаа”-ны иргэдээ Яармаг, Сонсголонгийн гүүр ашиглалтад ортол амраая

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-13

Улаанбаатарын түгжрэл “Зэлтэрийн гацаа” гэдэг шиг болчихсон. Өнгөрсөн хаврынхтай энэ намрын түгжрэлийг зүйрлэх ч юм биш. “Өдөртөө 2000-2500 машин нэмэгдэж замын хөдөлгөөнд оролцож байхад түгжрэл нэмэгдэх нь ойлгомжтой.  Яаж ч дугаараар хязгаарлаад, замаа өргөтгөөд нэмэргүй” гэж бухимдах хүмүүс ч олон байна.  Нээрээ л дугаараар хязгаарлаад ч нэмэргүй болчихсон. Иргэд ажил гэрийнхээ хооронд өглөө, оройдоо машиндаа, автобусанд амьдарч байгаа.  Гэтэл эрх баригчид, эрхтэн дархтанууд иргэдээ бодсон зохицуулалт хийх нь битгий хэл нэмж зам хаасаар.    Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра гурав хоногийн өмнө мэдээлэл хийхдээ энэ сарын 15-21-ний өдрүүдэд Яармагийн замын урд урсгалыг хаана гэж мэдэгдсэн.
 
Дээрээс нь 20-27-ны хооронд Чингисийн өргөн чөлөөний замын урд урсгалыг хаана. Ингээд болоогүй 22-28-ныг хүртэл Яармагийн замын хойд урсгалыг хаачихаад эргээд энэ сарын 28-наас ирэх сарын 5-ныг хүртэл Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалаа хаах юм. Энэ сарын 15-ныг хүртэл шаардлагатай үед Яармагийн гүүр орчмын замыг хаана. Ингээд ч дуусаагүй, энэ сарын 21-ний өдрийг хүртэл Улиастай уулзвараас  Баянзүрхийн товчоо хүртэлх замыг өнгөрсөн мягмар гарагийн шөнө хаачихлаа.  Улаанбаатар хотод бүтээн байгуулалт нүдэнд харагдахаар битгий хэл ясанд нь янгинахаар өрнөж байна аа. Харж, мэдэрч, түгжирч, дугжирч байна, иргэд.   Сонсголонгийн гүүрний бүтээн байгуулалт өнгөрсөн жил шаваа тавьж, эхэлсэн. Энэ жил дуусах учиртай. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр гүүрний ажил 24 хувьтай байсан.  Одоо болтол ажил нь хурдтай урагшлахгүй л байна.  Яармагийн гүүрээр гараад III цахилгаан станцын баруун талаар гурвалжингийн зам руу нийлдэг уулзвараа хаагаад удсан. Замын цагдаагийн өмнөх төмөр замын гарц дээгүүр барьж байгаа гүүрэн замын ажил өнгөрсөн хавар дөрөвдүгээр сарын дундуур эхэлсэн.  2019 онд ашиглалтад оруулна. Яг хэддүгээр сард ашиглалтад орох нь тодорхой бус. Энэ ажлын хүрээнд Олимпын гудамжны замыг жил зургаан сар хаана.

Одоо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн уулзварыг хаачихсан байгаа. Бүтээн байгуулалт хийж болно оо, “улирал” нь ч ингэж таарсан. 2019 он сонгуулийн өмнөх жил.  Ганц нэг замаа засч, гүүрээ барьчихаад, бөөн бөөнөөрөө очиж тууз хайчлахгүй бол горьгүй. 20 оны сонгууль дөхөх тусам гэнэт баяжиж, ажил хийж, зан нь сайхан болох дарга нараа ч ойлгож байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг ирэх жил эхлүүлнэ гээд сонгуулийн өмнөхөн бөөндөх нь тодорхой.  Гэхдээ түрүүчийн дөрвөн жилд, “Шинэчлэлийн” Засгийн газрын үед хотын “нүүр”-ийг угааж, уулзваруудыг шинэчилж, зам барьж байхад арай өөрөөр зохицуулж байсан санагдах юм. Ядаж л замаа цувуулаад, хурдан засахаа мэддэг байж.  Харин МАН-ын Засгийнхан сонгуулиас хойно чимээгүйхэн байж, сандал суудлаа булаацалдаж өдий хүрчихээд, гэнэт л зам хаах ажлыг бөөндөж эхэллээ. Сайн худлаа ярьдаг хүнд Улаанбаатарт  хаагаагүй зам, уулзвар гэж алга. Ядахад яр гэгчээр энэ бямба гарагт хандивын марафон гүйлтээс болж Дүнжингарав, Маршал орчмын замыг өдөржин хаах юм билээ.  Зам хаах тухай мэдээлэл өгөх үеэрээ дарга нь “Гадаад руу явах иргэд гэрээсээ хоёр цагийн өмнө гараарай.

Түгжрэл ихтэй болно шүү” гэх маягтай зөвлөгөө өгөөд л сууж байна.  Зам засвар, гүүр барих ажлаа жаахан шат дараатай хийчихэж болмоорсон. Өмнө нь зохицуулаад, аль болох бага түгжрэхээр шийдээд, замаа засаад, бүтээн байгуулалтаа хийгээд байж болсон. Одоо л болохоо больчихов гэж. Өөрсдөө хийх ажлаа зохицуулж, хэлсэн үгээ биелүүлж чадахгүй байж “Түгжрэл их байна, хоёр цагийн өмнө” гараарай гэж ярихаасаа ичээч.  Тэр дундаа хотын удирдлагууд ажлаа хийж, асуудлаа шийдэж, “Аз жаргалтай Улаанбаатар”-таа иргэдээ аз жаргалтай амьдруулж чадахгүй бол ажлаа өгөөч ээ.  Зам хаах мэдээллээс чинь харахад, Нисэх, Яармаг орчимд амьдарч байгаа иргэд хотын төв рүү яаж ирэх юм бол гэж бодогдохоор байна.

Нэртэйгээр нь Сонсголонгийн гүүрний онгорхой байгаа хэсгээ хаачихгүй юу. Тэгээд  сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудаа барьж байгаа зам, гүүрээ ашиглалтад ортол амраачих. Тэртээ тэргүй багш нар ажил хаяад, зарим сургууль орж байгаа биш.  Төрийн байгууллагынхан чинь иргэдээ загнаад, зандраад, ажил хийдүүлээд, цаг нөхцөөгөөд “юм” хийхгүй. Ядаж Яармаг, Сонсголонгийн гүүр ашиглалтад ортол нийтээрээ сайхан амарчихъя. Түгжрэл гэж бухимдахгүй амар.  Хэрвээ Яармаг, Чингисий өргөн чөлөөний замыг хаах юм бол одоо байгаа түгжрэл хоёр дахин нэмэгдэх нь ойлгомжтой. Жинхэнэ утгаараа “Зэлтэрийн гацаа” болно.  Нийслэлийнхээ нэрийг “Зэлтэрийн гацаа” гэж солиход ч гэмгүй. “Зэлтэрийн гацаан”-ы төвөөс холхон гэртэй хүмүүс үүрээр 06:00 цагт гэрээсээ гараад ч 8, 9 цагт ажилдаа очиж чадахгүй.  Тиймээс амрахаас өөр шийдэл алга даа.