ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Үндэсний номын баяр 2018” маргааш болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-13

“Үндэсний номын баяр 2018”-ыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд улс орон даяар нэгдсэн  зохион байгуулалттай хийхээр болжээ. Энэ жил  “Ном бол таны гарт барих мөрөөдөл,  Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор зохион байгуулах аж.  Үндэсний номын баярыг БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Үндэсний хэмжээнд болох номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцох юм байна.

Номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага МҮЭ-ийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн гурван  удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ зэрэг тэгш ой нь тохиож байгаа зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.