Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээллийн дагуу ар гэртэй нь холбогдож, нийслэлд авчрахаар ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас өнөөдөр өглөө нисдэг тэрэг хөөргөжээ.
Хоёр талын нислэгийн нийт хугацаа долоон цаг гаруй үргэлжлэх аж. Нэн яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байгаа юм байна.