ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр байршуулна

O.Admin
2024-01-20

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан дараах мэдээллийг өгсөн юм.

Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байна. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан. Мөн үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэв.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Олон жил зорчсон чиглэлүүд нь өөрчлөгдөхөөр иргэдийн дунд ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсэх магадлалтай. Гэхдээ иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн. Түүнчлэн чиглэлүүдийн давхцал арилна. Улаанбаатар хотын гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөнд нэг л чиглэл явах тул иргэд тухайлсан нэг чиглэлийг удаан хүлээж зогсох шаардлагагүй болно. Энхтайваны өргөн чөлөөнөөс цааш явж буй чиглэлүүдэд анхаарч, харахад болох юм хэмээлээ.

Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй 600 автобусны ашиглалт, зохицуулалтын талаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл:

-2009 онд улсын төсвийн хөрөнгөөр авсан 400 автобусны эргэн төлөлт олон асуудал дагуулсан. Тухайн автобуснуудаас авсан зарим аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй байна. Тиймээс 2020-2023 оны хооронд оруулж ирсэн 402 автобус, энэ онд шинээр орж ирж буй 600 автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г гэрээ байгуулна. Эргэн төлөлт нь Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зориулагддаг байх зохицуулалт хийж байна гэсэн юм.