ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд НХС-аас үзүүлэх тусламж, хөнгөлөлт

O.Admin
2024-01-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийг дараах байдлаар тусгажээ.

26.1.Энэ хуулийн 3.1-д заасан хүнд нийгмийн халамжийн сангаас доор дурдсан тусламж, хөнгөлөлт үзүүлнэ:

26.1.1.байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

26.1.2. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгох;

26.1.3.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг гурван жил тутам нэг удаа нөхөн олгох;

26.1.4. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;

26.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх;

26.1.6.насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх;

26.1.7.дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж, очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон доор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгох:

26.1.7.а.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;

26.1.7.б.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран халамжилж яваа нэг иргэнд 50 хувь;

26.1.7.в.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50 хувь.

26.1.8.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах;

26.1.9.бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчсон тохиолдолд ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;

26.1.10.нийслэлээс 1000 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;

26.1.11.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;

26.1.12.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн 50 хувийг жилд нэг удаа олгох;

26.1.13.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн олгох;

26.1.14.хараагүй хүний брайлийн үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл, 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;

26.1.15. нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний мөнгөн тусламж олгох;

26.1.16. аарцаг эрхтэний үйл ажиллагаа алдагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр зайлшгүй шаардлагатай асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материалын дэмжлэг үзүүлэх.

26.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төрөлжсөн асрамжийн болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулж болно.

26.3.Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн болон тэдгээрийг асран хамгаалагчийг нийгмийн халамжийн үйлчилгээ, тусламжид хамруулна.

26.4.Энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.1.5, 26.1.6-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журам, жишиг үнийг Засгийн газар батална.