ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ариунбуян: Галын улмаас амиа алдсан гурван алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

O.Admin
2024-01-24

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний шөнийн 01:07 цагт иржээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраажээ. Энэ талаарх албан ёсны мэдээллийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дөнгөж сая сэтгүүлчдэд өглөө.

Тэрбээр, “Манай ОБЕГ-ын 10 анги, Үндэсний аврах бригад нийт 200 гаруй албан хаагч 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр галын тархалтыг зогсоохоор ажилласан. Мөн ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах чиглэлд УСУГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НЗДТГ, Цэрэгжүүлсэн хамгаалалтын алба, Дулаан хангамж зэрэг байгууллагын 600 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн Шадар сайд болон УОК газар дээр нь ажиллаж, гамшгийн нөхцөл байдлыг шуурхай зохион байгуулж ажиллалаа.

“Глобал интернэйшнл” сургууль, “Sunny town”, “Edu apartment” зэрэг байрууд галын тархалтад өртөж, гал асаж эхэлж байсныг шуурхай ажиллаж унтраалаа. Мөн “Edu apartment”-ын 207-р байранд амьдарч байсан 30 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ. Үүнээс 23 том хүн, 17 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлалтай зочид буудалд байрлуулж, хүнсний дэмжлэгийг ХНХЯ-аас үзүүлж байна. Мөн угаарт өртсөн, гэмтэж бэртсэн буюу Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлэгт нэг, ЭХЭМҮТ-д гурван хүүхэд хүргэгдэж эмчилгээ авч байна. Иргэдийн 30 автомашин шатлаа. 

Урьдчилсан дүгнэлтээр газ тээвэрлэсэн автомашин хөдөлгөөний зай анзаарахгүйгээр давхар хий эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөнөөр газ ачсан ёмкост нь үрэлт үүсэж, халалт үүссэний улмаас гал гарсан байна. Ёмкос дэлбэрч, 40 метр зайд шидэгдсэний улмаас манай салбарын гурван залуу хэлж ирдэггүй гамшгийн улмаас харамсалтайгаар амиа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг та бүхэнд дуулгая” хэмээлээ.