“Эрдэнэт хүний алтан амь, эд хөрөнгийг өөрийн амь биеэ үл хайрлан хайрлаж, хамгаална” хэмээн тангараг өргөсөн дөрвөн албан хаагч шинэ он гараад алтан амиа алдлаа. Хамгийн мэргэжлийн түвшинд, хамгийн өндөр хамгаалалттай хувцастай дуудлагаар ирж эрдэнэт хүний амь насыг аврах учиртай мэргэжлийн албан хаагч ахуйн шинжтэй гал унтраах явцдаа угаартаж, гүйж гараад л ухаан алдчихсан гэхээр нэг л итгэмгүй санагдаж байсныг нуух юун.
Тиймдээ ч монголчууд цугаараа алба хаагчдын хувцас, хэрэглэл стандартад нийцэж байсан уу гэдгийг асууж шалгаасан ч "сүх далайтал үхэр амгалан" гэгчээр хэн ч үүнд хариулт өгөхөөр гарч ирээгүй тэгсхийгээд өнгөрсөн.
Мэргэжлийн сургуулийг нь дүүргээд ирсэн хүн утаанаас шууд гүйж гарах учиргүйг мэдэхгүй байсан хэрэг үү хэмээн эрхгүй эргэж асуумаар, эргэцүүлж шүүмжилмээр өдрүүд дахиад л хөвөрч байна. Цэл залуухан хүүгээ алдсан харууслын гашуун мэдээ олонд түгж, хамт олон, хайртай гэр бүл нь гашуудаж дуусаагүй байхтай зэрэгцэн дахин гурван албан хаагч анд нөхдөө, амраг ханиа, аав, ээж, алаг үрээ орхиод явчихлаа.
Нөгөөх л өргөсөн тангарагтаа үнэнч байлаа, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье гэх хий хоосон үг, дарга нарын ширээн дээрээ бөхийх утга авцалдаагүй “жүжиг” өрнөж байна. Ахуйн галд угаартсан алба хаагчийн амь насны дараа энэ байгууллага хэрвээ эдэлж хэрэглэж буй хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх талаар зоригтой дуугарч, ярьж хөндөж, Засгийн газрын түвшиндээ хэлэлцсэнсэн бол гэх харуусал одоо ч арилахгүй нь ээ.
“Ээлжнээсээ буугаад хамтдаа кино үзнэ” гэж амласан хань, ”Сар шинээр золгож ирнэ ээ” гэж инээгээд салсан дүү, “Ээжээ хүү нь маргааш ярина аа” гээд утсаа салгасан хөвгүүд ханьдаа, ахдаа, ижийдээ, алаг үрсдээ эргэж очсонгүй.
Харин манай дарга нар “Давхар дарж, хий эргэсэн машинаас л бүх юм боллоо” гэсэн эмгэнэлтэй тайлбар өгөөд сууж байх аж. Хатуухан хэлэхэд, нөхцөл байдлыг үнэлж, шөнөжин ажиллана гэдэг нь газар дээр очиж хэвлэлд ярилцлага өгөөд буцахыг хэлдэггүй байлтай.
Эсрэгээрээ аврах ажиллагаа явуулж буй алба хаагчид эрсдэлгүй нөхцөлд ажиллаж, эрдэнэт хүний амийг аврахад бүрэн бэлтгэгдсэн, бүрэн хувцасласан, техник хэрэгслээр бүрэн хангагдсан уу гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга тэргүүтэн нь хянаж, бодлогын том шийдлээ том ослоос ч урьтан гаргах учиртай байсан юм. Харин ослын газрын нөхцөл байдлыг үнэлэх ажлыг нь алба, хэлтэс, ангиудаа ахалж буй мэргэжлийн хүмүүс нь хийх учиртай бус уу. Харамсалтай нь цэрэг, цагдаагийн алба төгссөн буюу гал унтраах, аврах мэргэжил огт эзэмшээгүй, мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулсан энэ салбарынхан мэргэжлийн байх үүргээ биелүүлж чадаагүйн алдааг эгэл жирийн алба хаагчид нь эрдэнэт амиараа "төлөв".
Гунигтай байна, бас уйтай байна. Гал усны гамшиг ослын өмнөөс бээлий, хүрзнээс өөр зүйлгүй тулалдаж байсан өнгөрсөн 30 гаруй жилийн алдаа, завхрал өнөө хэр арилсангүй гэдгийг л энэ жишээ нотолж өглөө. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян ч “Дөрвөн албан хаагч дундаа нэг усны хувцастай байгаа нь үнэн” гэсэн ядмагхан тайлбар хийгээд сууж байхад сэтгүүлчид дуугарахгүй, хөндөхгүй, бухимдахгүй гээд яах вэ. Энэ нийгмийн болохгүйг шүүмжлэх нь сэтгүүлзүйн, сэтгүүлчийн үүрэг бишсэн билүү. Адилхан уянгалж, улсаараа уярч хайлсаар байвал алдааг засах ажлыг хэн бичиж, сануулах вэ.
"Эвий минь, тэдэнд ч адилхан хэцүү байгаа" хэмээн эвийлсээр суувал маргааш дахиад л тэдний нэг биш нэлээд нь, дөрөв биш дөч нь амиа алдвал хэрхэх билээ. Төсвийн хэмнэлтэд дандаа ОБЕГ-ынхан өртдөг нь нууц биш болсон. Тэгсэн атлаа төр, иргэний “зарц” мэт улаан гараараа аюулын өөдөөс очдог нь бас үнэн. “Өргөсөн тангараг чинь байгаа шүү” гэсэн даргын дарамт, цэрэг шиг бай гэсэн командаас өөр зэвсэггүй “нүцгэн” залуусыг гал, усны гамшиг ослын өөдөөс муйхар зоригт нь найдаж явуулсаар байх хэрэг үү.
Хоосон "уучлаарай" гэдэг үгээр ар гэр, ахуй амьдрал нь өөдлөхгүй. Албан үүргээ гүйцэтгэж яваад эндчихлээ хэмээн ар гэрт нь өгч буй 50 сая төгрөг ч өнөөдрийн цөвүүн цагт эцэг, хүү, дүү, эр нөхрийг нь орлохгүй. Тиймээс үргүй зардлаа танах гэж байгаа бол арай өөр салбарт хийж, онцгой байдлын салбартаа онцгой анхаарч өгөөч, Ерөнхий сайд аа, ҮАБЗ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч өө. Онцгой байдалд чинь онц байдал зарлахад буруудахгүй болчихож.
ОБЕГ-т ажилладаг алба хаагчийн гэргий гэх бүсгүйн “Төсвөө танасан гээд гутал өгөөгүй. Зуны израйлтай ажилдаа явж байгаа” гэх бичвэр ч худлаа биш санагдаж байна. Нөгөөтээгүүр, Монголын бүх салбарт алдагдсан стандарт гэдэг зүйлээ яг одоо ОБЕГ-аасаа эхэлье, Шадар сайд аа. Хэдхэн сарын өмнө бид хэдэн өдрөөр стандарт бас дахин стандарт гэж ярьсан. Гэтэл ямар гал руу яаж, хэдэн метр ойртох, ямар хэмжээний гал руу ямар хувцастай ойртох тухай стандарт байхгүй гэдгийг өнөөдрийн УОК-ын хуралдааны мэдээллийн үеэр танай салбарын дарга нар өөрсдөө нотлоод яриад өгчихөв.
Ядахдаа л хий буюу газ алдагдсан үед хэдэн метрээс гал унтраах ёстой, ойртох стандарт хэд байх вэ гэдгийг ойлгохгүй хөнгөн хуумгай дүгнэлт гаргаж, алба хаагчдыг галын машинаас буулган нөхцөл байдлыг үнэлүүлэхээр аюулын өөдөөс явуулсан хариуцлагыг хэн нэгэн хүлээх ёстой баймаар. Ингэж хаа, хаанаа асуудлаа углуургаар нь хөндөж байж л эрүүлжинэ, энэ салбарт гялтайх өөрчлөлт гарна. Эвий минь, тэдэнд ч хэцүү байгаа хэмээн толгой, тархиа “илэлцсээр” суувал маргааш бахь байдгаараа л суух билээ. Мэргэжлийн түвшинд ажиллах нормын стандартын хувцастай, тоног төхөөрөмжтэй болгосныхоо дараа л “өргөсөн тангараг чинь шүү” хэмээн гал, усны өөдөөс явуулдаг болмоор байна, алба хаагчдыгаа. Энх цагт эрдэнэт хүний амь үрэгдэж байхад “Бидний зовлонг ойлгохгүй попорлоо. Өөрсдөө хэнэггүй байж өрөөлөөс хариуцлага нэхэж пост хийлээ” хэмээн загнаж суух нь утгагүй биз дээ. Идэр насны гурван залуусын амь дэмий үрэгдээгүйг харуулж энэ салбарт бодит өөрчлөлт, шийдвэр гарна гэж найдъя. Хөрөнгө санхүүг нь ч битгий хэмнээсэй, тоног төхөөрөмжтэй болгоосой. Нас барсан залуусын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Сайн төрлөө саадгүй олж ахан дүүс, аав ээждээ эргэн төрөх болтугай. Ум сайн амгалан болог.