Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багт байрлах нийтийн байранд өчигдөр орой гал гарч, тус аймгийн ОБГ-ын 52 дугаар ангийн аврагчид ажиллаж, галыг унтраасан. Гал түймрийн улмаас жирийн иргэний эрүүл мэнд хохироогүй бөгөөд Онцгой байдлын нэг албан хаагч угаартаж эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар ОБЕГ- ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоос тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр орой Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан гал түймрийн дуудлагаар ажилласан 52 дугаар ангийн албан хаагч угаартсан нь үнэн. Гал унтраах үйл ажиллагааг явуулахдаа эхлээд нөхцөл байдалд дүгнэлт хийдэг. Ингэсний дараа тухайн бүс рүү ордог. Тухайн албан хаагчийн хувьд нөхцөл байдлыг үнэлсэнийхээ дараа амьсгалын төхөөрөмжөө өмсөх үедээ утаа залгисан асуудал гарсан. Амьсгалах төхөөрөмжгүйгээр гал унтраах үйл ажиллагааг явуулаагүй. Одоогоор биеийн байдал нь хэвийн, үүргээ гүйцэтгэж байна” гэлээ.