Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт энэ сарын 24-ны шөнө 01.35 цагийн үед байгалийн шингэрүүлсэн хий буюу газ ачиж явсан "Дашваанжил" компанийн нэр дээр бүртгэлтэй тусгай тээврийн машин суудлын "Ниссан патрол" автомашинтай шүргэлцсэний улмаас их хэмжээний газ алдагдаж, хүчтэй дэлбэрэлт болж, улмаар олон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч, онцгой байдлын алба хаагчид амиа алдсан харамсалтай осол гарсан. Тэгвэл “Дашваанжил” компанийн зүгээс өнөөдөр энэ асуудлаар албан ёсоор мэдээлэл хийлээ.
Тодруулбал, тус компанийн захирал Н.Баатаржав “Юуны өмнө энэ харамсалтай ослын улмаас амиа алдсан гурван алба хаагчийн ар гэр, гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Байгалийн давагдашгүй, санамсаргүй хүчин зүйлийн өмнөөс ийм осол гарсан гэж бид үзэж байгаа. Ослын улмаас түлэгдсэн, гэмтсэн иргэдийг мөн хурдан эдгээсэй гэж хүсэж байна. Манай дотоодын үйлдвэрлэгчид буюу хамтрагч компаниуд маань бидэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Цаашдаа ажлаа амжилттай хийгээрэй гэж хүсэж байгаад баярлалаа. Манай компаний ажилтан н.Рэнцэндорж нь 1984 оноос хүнд даацын машин барьсан, туршлагатай жолооч. 62 настай жолооч маань онц тээвэрчин шагналтай.
Ажиллаж байх хугацаандаа ямар нэг осол аваар гаргаагүй, манай компанид 2019 оноос хойш ажилласан, хорт буруу зуршилгүй хүн. Тиймээс санамсаргүй мэдээлэл битгий түгээгээрэй. Бид цөлжилтийг бууруулах, утаагүй болгох чиглэлээр ажиллаж байгаа компани. Бид жолоочоо бүх талаар дэмжинэ. Хууль эрхзүй болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ ээ.
Манай компанийн зүгээс мэргэшсэн өмгөөлөгч, мэргэжлийн эрдэмтдийн баг ажиллуулж хүний амь нас, эд хөрөнгө хохирсныг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгоно. Хийн түлш аюултай гэж буруу ойлголт өгч болохгүй. Хүссэн ч эс хүссэн ч бид үүнийг хийх, хэрэглээндээ ашиглах ёстой. Тиймээс цаашдаа сэтгүүлчдэд хандаж сургалт орно оо. Яамдаас мэргэжлийн хүмүүс манайх дээр ажиллаж байна. Бүх бичиг баримтыг шалгаж байна. Давагдашгүй нөхцөл байдал гэж үзсэн ч намайг хуулийнхан битгий дүгнэлт гарга гэж загнах байх аа. Биднийг хэргийн газарт оруулаагүй. Оруулсан бол бид яагаад, ямар шалтгааны улмаас осол үүсэх нөхцөл үүссэнийг хараад хэлэх байсан. Гэхдээ биднийг оруулахгүй байгаа. Хийн газ шахдаг, буулгадаг амсар хэсэг тэр доор байрладаг. Урьдчилсан байдлаар тэр хошуу буюу турба хугарсан болов уу гэж таамаглаж байгаа” гэлээ.
Бүс хариуцсан захирал Д.Мөнхжаргал “Монгол Улсад хийн бүтээгдэхүүн тээвэрлэх, ашиглах дүрмийн ном байдаг. Тэр номны дагуу тухайн хийг автомашинууд тээвэрлэдэг. Аюултай ачаа тээвэрлэх тусгай тоноглолыг мөн шаарддаг. Үүний дагуу машинаа тоноглосон. Манайд 20 орчим тээврийн хэрэгсэл орон нутаг болон хот дотор тээвэр хийж байгаа. Хямд үнэтэй машинаар тээвэрлэлт хийсэн гэх мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй.
Манайх ОХУ, Хятад, Япон, Солонгос зэрэг улсаас шингэрүүлсэн хий тээвэрлэх зориулалтын машин худалдан авч, хийгээ тээвэрлэдэг. Хамгийн сайн шаардлага хангасныг л авна. Зах дээрээс худалдаж авдаг машин биш. Төмөр нимгэн байсан эсэхийг шалгалтаар тогтоох байх.
Бид тухайн ирсэн машиныг нэмж гагнах, өөрчлөх боломж байхгүй. Тээвэр хийж явсан жолооч ганцаараа байх уу, аюулгүй ажиллагаа хариуцсан хүнтэй явах байсан уу гэдгээр эргээд мэдээлэл өгнө.
2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх тусгай маршрут байдаг. Заасан маршрутын хүрээнд заасан цагтаа явсан. Машин маань шинээрээ, дөнгөж дөрөвдэх тээвэртээ явж байсан. Хагас жил тутамд манайх хот хоорондын тээвэр хийх зөвшөөрлөө авдаг. Өмнөговь аймаг руу явахаар заасан маршрутын дагуу тээврээ гүйцэтгэж явахдаа ийм осол гаргасан. Сургалтын төвдөө сар бүхэн сургалт өгөөд, улирал жилдээ шалгалтаа аваад явдаг. Мэргэжлийн үнэмлэхтэй жолооч, мэргэшсэн хүн тээвэр хийж явсан. Нефтийн хий агаарт дэгдэж, агаартай урвалд орсон тохиолдолд шатдаг. Оч өгсөн тохиолдолд шатах урвал явагддаг. Хаанаас урвал өгснийг мэргэжлийн байгууллага шалгах байх” гэсэн хариулт өглөө.
Харин Борлуулалт, үйлчилгээний албаны дарга Д.Баярмөнх “22.00 цагаас хойш тээвэрлэлт хийнэ гэсэн зөвшөөрлийн дагуу заасан замаараа явж байсан. Шөнө гараад замдаа амраад маргааш өглөө нь тээврээ үргэлжлүүлээд явдаг. 15 тонн хийн түлш ачаад явж байсан. Аюултай ачааны зөвшөөрлөө аваад тээвэрлэлтээ хийж байсан” гэсэн юм.