“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 481 дүгээр тогтоолоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Уг шийдвэртэй холбоотойгоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэх хүрээнд “Монголын эдийн засгийн форум 2024-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” урьдчилсан болон нэгдсэн хэлэлцүүлэг гэсэн хоёр үе шаттайгаар 2024 оны нэгүгээр сарын 18-ны өдрөөс хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Бүсчилсэн хөгжлийн тухай асуудал нь шинэ зүйл биш бөгөөд анх Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан бөгөөд үүнд аймаг, орон нутгийн 4 бүсийг авч үзсэн бол энэ удаагийн шинэчлэн боловсруулж байгаа үзэл баримтлалд “Төв”, “Баруун”, “Зүүн”, “Хойд”, “Хангай”, “Говь”-ийн гэсэн үндсэн 6 бүс байхаар төлөвлөжээ.
Уг зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2024 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр “Хангайн бүс”-ийн “Татвар, санхүү, хөрөнгө оруулалт-эрх зүй”-н чиглэлийн салбар хуралдаанд панелистаар оролцож, тус бүсийг хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдэд дээрх асуудлыг хэрхэн тусгах, ямар бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх талаарх саналаа илэрхийлж, улмаар Төрийн ордонд явагдсан нэгдсэн хуралдаанд “Хангайн бүс”ийн хөгжлийн ерөнхий санал, дүгнэлтийг танилцууллаа.
“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, бүсүүдийн тэргүүлэх чиглэлүүдийг ханган хэрэгжүүлснээр ойрын болон алс ирээдүйд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил шинэ шатанд гарах, аймгаараа бус бүсчилэн хамтдаа хөгжих ач холбогдолтой юм.