Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг батлан даалтад гаргах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргасан юм.
Тэрбээр 68 хоног цагдан хоригдсоны эцэст ийнхүү суллагдсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудастаа "Яг хаачсан байсан юм, яагаад утсаа авахгүй байсан юм, одоо дахиад хол явахгүй биздээ” гээд л элдвийг шулганаж асуух хүүгийн яриагаар хахир төмөр хаалганы чимээ солигджээ.
Нүдээ нээгээд яг тийм, тийм, гэр минь ямар гоё юм бэ гээд өөртэйгөө ярих. Яг одоо хэнээс ч асуухгүй, хэнээс ч зөвшөөрөл авахгүй, ийш тийшээ чөлөөтэй алхаж болж байна. Тэр өдрөөс хойш яг 68 хоног хэн юу хэлэв, гэрийнхэн минь юу ярив гээд бүгдийг сонслоо. 68 гэдэг тоо ямар учиртайг ч жаахан бодлоо. Машины номер, утасны дугаарт давхацсаныг гайхлаа.
Мөн тэр газарт хоригдоод үлдсэн зарим сонсохын аргагүй зовлонтой эмэгтэйчүүдээ нэг нэгээр нь бодов. Санаа зовж л байна. Хамт хоригдож хоолоо олж идэж буй албан хаагчдаа ч нүдэндээ зураглав. Үзэн ядахгүй, нурж унахгүй туулна, давна, улам илүү сайн чамбай үр бүтээлтэй ажиллана.
Та бүхэн минь сайхан шинэлээрэй, Эрх чөлөө юутай ч харьцуулшгүй үнэтэйг яс мах, бие сэтгэл, оюун ухаан, амьдралаараа, үр хүүхэд аав ээжээрээ мэдэрлээ.
Хар элгийн хүмүүс яаж сэтгэл дэвссэнг ч үзлээ, харлаа, мэдэрлээ, бүгдэд талархлаа гэжээ.