ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДУРСАМЖ: Тэсвэр хатуужил, ялалт ялагдалд сургасан эрхэм багш минь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-02-22

Алс хол баруун хязгаараас шилжиж ирсэн гялтгар хар өмд, өргөн пиджактай "хөгийн" шар нөхөр анх Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБ-ын сургуульд шилжиж ирэхэд минь тунчиг ширүүн төрхтэй багш угтаж авсан нь миний анги даасан багш Дүүжийн Түвшинбаяр байж билээ.

Удмаараа боловсролын салбарт ажиллачихсан, басхүү Биеийн тамирын багш гэх тунчиг чанга хатуу хүний ангид хуваарилагдан шилжиж ирснээс хойш олон ч зүйлийг даван туулсансан. Шартай шазруун, баргийн эрэгтэй хүүхдээс ч айхгүй эршүүд намайг энэ амьдралд тохиох уналт, босолт бүрийд шүдээ зуугаад өндийх тэвчээр, ухааныг багш минь суулгаж өгсөн гэж боддог доо. Урлагийн авьяастай, бас спортоор хичээллэдэг олон хүүхэдтэй манай анги тухайн үедээ л Баянзүрхийн сургуулийн “сор” байлаа.

Улс, аймгийн уралдаан тэмцээний медаль үнэ цэнэтэй олддог байсан тэр цагт манай ангийнхан бүгд улс, аймгийн төрөл бүрийн олимпиад, шатар, даам, урлаг, спортын бүх тэмцээний аваргууд болдог байв. Жүдо, чөлөөтөөр аймаг байтугай улсдаа “айлгадаг” тийм л шилдэг анги. Сумын урлагийн үзлэг, спортын тэмцээний бүх тэргүүн байр манайх. Тэр байтугай сургуулиас халиад сумын аварга шалгаруулах тэмцээнд орчихсон хорь, гучин настнуудтай ана мана, ач тач үзэлцсээр аваргыг нь аваад гарч ирдэг тийм л шартай охид, хөвгүүдийг энэ амьдралд нугарахгүй, хугарахгүй, тэвчээртэй хийгээд бас амжилттай урагшлах замыг миний багш тавьж өгсөн юм.

Дуу шүлэг гээд урлагийн бүх төрлөөр өөрийгөө сориход минь “чи чадна” гээд л урамшуулж зогсоно. Жүдо, чөлөөтөөр барилдана аа гээд зааланд гүйгээд очиход минь мөн л “чадна, чамаас өөр хэн чадах юм” хэмээн урамшуулна. Сагс, волейбол тоглох гэж зааланд өдөржин өнжихөд ч нэг ч удаа “чи харь” гэж загнаж үзээгүй хүн бол миний багш.

Дөрвөн төрөлт, спорт алхаа гээд чадах бүх спортоор би багшийнхаа дэргэд хичээллэж, тэр дундаас хамгийн дуртай, хайртай зүйлээ олж чадаж билээ. Дуу бол чамаас хэзээ ч явахгүй, харин сэтгүүлч мэргэжил чамд илүү зохино хэмээж, сурагчийн хувийн хэрэгт минь хүртэл тэрнийг минь бичиж байсан тийм л "нүдтэй" багш. Тэгж л хүүхэд бүр юунд дуртай, хаана ямар амжилт гаргахыг олж таниулахын төлөө уйгагүй зүтгэж явсан багш минь өнөөдөр Монгол Улсын зөвлөх багш гэх юугаар ч үнэлэмгүй том цолыг хүртэж, спортод хайртай, дуртай шавь нарыгаа бэлтгэж, бэлдэж гаргасан тэр дэвжээ, зааландаа мөнөөх л зуу, зуун шавь нарынхаа хамт баяраа тэмдэглэж байна.

Ардын олон хүүхдийг сургах үйлсэд ухамсарт амьдралынхаа 30 жилийг зориулж яваа багшийн минь хичээл зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Монгол Улсын төрийн “Алтан гадас” одонгоор тус, тус шагнаж байсан бол “Монгол Улсын зөвлөх багш” гэх эрхэм хүндэт цолоор түүний амжилтыг үнэлэн, спортын салбарт оруулсан хувь нэмрийг нь хүндэтгэн алдаршуулжээ. Сумын буйдхан сургуулиас зөвлөх багш төрсөн нь хэчнээн бол. Тэгэхээр спортод хайртай, үе удмаараа спортын багш хийж яваа багш минь төрд, түмэн олны хүүхдийн төлөө хийсэн зүйл нь тоймгүй их ажээ. 

Гялалзсан хар ботинк, цэмцийтэл индүүдсэн костюмаар гангарсан залуухан багштайгаа анх уулзсан өдрөөс, анхны төгсөгчид нь болсноос хойш хэдийнэ 20 гаруй жил өнгөрч. Хэтэрхий сэргэлэн заримдаа буруу сэргэлэнтчих гээд байдаг тэр олон хүүхдүүдийг багш маань хатуудаа хатуу, ширүүндээ ширүүн харьцсаар аравдугаар анги төгсгөж байлаа. Хамгийн олон Их дээд сургуулийн хуваарь авсан анги болж байсан нь саяхан мэт.

Сургуулийн зуны даалгаварт ирсэн бүх ааруулыг нууж идчихнэ, эсвэл сумын бүжгэнд ангиараа орох гэж ирчихсэн байхад гэрийнхээ таавчигтай ирчихээд л биднийг гэр гэр лүү нь хөөж явсан дурсамжаа багштайгаа хуучилж, сэтгэл сэргэтлээ хөхрөлддөг тийм насанд бид ирчихэж. Идэр залуухан багштайгаа найзлахдаа найзалж, нөхөрлөхдөө нөхөрлөж, заримдаа муудалцаж, ихэвчлэн спорт, урлагийн тэмцээний шилдэг болохын төлөө “арсалдаж” явсан ангийн нөхөд минь өдгөө салбар, салбартаа манлайлагч болон гялалзсаар.

Бидний дундаас сумын Засаг дарга хоёр, сум, багийн Засаг дарга нар, банкны эрхлэгч, багш, сэтгүүлч, бизнесмэн, мянгат малчид гээд шилдэгүүд төрөн гарчээ. Бүгд л багшийнхаа заасан чиг шугамаар салбар, салбартаа шатаж, асаж, тэмцэж энэ амжилтад хүрсэн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Шүглийн дуу тасхийх мөчид л шийтгэл авчихаад л хойд уулын энгэр рүү уралдаж байсан нөхөд маань өнөөдөр энэ эрхэм цолны эзэн болсон багшаараа бахархаж буй нь дамжиггүй.

Багшийн маань хэлдэг нэг үг санаанд тун тодхон байдаг юм. “Би та нарын сайн сайхны төлөө хэлж байгаа юм шүү" гэх үг. Тийм ээ, багш хүн хэзээ ч шавиа муу яваасай гэж хүсдэггүй. Өөрийн гэр бүлдээ ч хүсдэггүй бүх сайн сайхнаа багш хүн шавьдаа ерөөдөг. Сайн явах аваас өөрөө сайн явсан мэт баярладаг тийм л хүмүүс. Бидний төлөө дуу хөгжмийн багш болж, бидний төлөө сэтгэлзүйч болж, бидний төлөө таавчигтайгаа араас хөөцөлдөж, бидний төлөө эсгүүрчин, техникч гээд түмэн мэргэжилд “урваж”, бидний төлөө өнөөдөр ч явсаар буй эрхэм багш тандаа энэ гайхалтай өдрийн мэндийг анхны шавь нараас нь хүргэж буйг хүлээн авна уу. Энэ өдөр таны минь өдөр билээ.

Ерийн малчны хотноос

Ертөнцийн дэвжээнд гаргасан

Ерхөг найгасан талаас

Есөн гарагт зуу, зуун шавь нарыгаа хөтөлсөн Дүүжийн Түвшинбаяр танд талархаж баярлаж явдаг олон зуун шавийн тань нэг хэсэг нь сэтгэлийн үгээ тэрлэн илгээснийг хүлээн авна уу.

Дэлхийн хамгийн шилдэг хүүхдүүдийг цуглуулчихсан хэмээн итгэж, дэлхийн дэвжээнд гарна гэх бидний мөрөөдлийг бодит болгож, тэвчээр, тэмцэл, ялалт ялагдлын их ухаанд сургасан эрхэм багш тандаа баярлалаа. Тун удахгүй 20 жилийн уулзалтаараа багшдаа очих үнсүүлнэ ээ, шавь нар нь. 

XXX төгсөлтийнхнөөс нь эрхэм багшдаа зориулав