ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймагт баригдаж байгаа бага сургуулийн барилгад захирал томилжээ

O.Admin
2024-02-26

Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд баригдаж байгаа бага сургуулийн барилгад захирал томилсон хөгтэй үйл явдал гарчээ. Тодруулбал, тус аймгийн Ногооннуур суманд 2022 оноос баригдаж байгаа барилга нь одоо хүртэл дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа аж. Түүнчлэн жил бүр төсөв нэмүүлж авдаг байгаа юм.

Энэхүү барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулах төлөвлгөөтэй бөгөөд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар шинээр сургууль барих тогтоол гарчээ. Улсын комисс хүлээж авч дүгнэлт гарсан дараа сургуулийн үйл ажиллагаа эхлүүлэх ажлыг аймгийн Засаг дарга А.Камелиятад үүрэг  болгосон ажээ. Гэтэл нөгөөдүүл нь "алаагүй баавгайн арьсаар дээл оёж өмсөв" гэгчээр ашиглалтад ороогүй барилгадаа захирал томилсон асуудлыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан эрхбиш эргэж нэг анхаарах биз ээ. 

 

Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга албан ёсоор сонгогдоогүй,  маргаантай байгаа юм билээ. Гэтэл тус маргааныг шийдвэрлэлгүй өөрийгөө намын дарга гэж өргөмжилсөн аймгийн Орлогч дарга Х.Арман гэгч энэ асуудалд оролцож, баригдаагүй сургуульд захирал томилох чиглэл өгсөн сурагтай. Энэхүү барилгыг тус сумаас сонгогдсон, аймгийн ИТХ-ын  төлөөлөгч "Мурап" ХХК-ны захирал Х.Нурболат гэгч барьж эхлүүлсэн ч хугацаанд ашиглалтад оруулж дуусаагүй байгаа юм. Тендерийн эзэн Х.Нурболат гэгч нь тус суманд 1.600.000 сая төгрөгийн өртөгтэй Спорт цогцолборын барилгыг таван жил барьж байгаа гэх. Одоо хэр нь ашиглалтад ороогүй л байгаа сурагтай. Энэхүү хууль бус үйлдлийг холбогдох хуулийн байгууллага нь шалгах шаардлагатай байна. Баригдаж байгаа барилгад Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийг зөрчиж захирал томилох нь ямар ашиг сонирхолтой байсан вэ гэдгийг мөн шалгах нь зүйн хэрэг билээ.