ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Банкууд аж ахуйн нэгжүүдийг барьцаанд оруулж, газрыг нь булаадаг уу

O.Admin
2024-03-04

Арилжааны банкууд зээлдэгч нарыгаа өрийн болоод хүүгийн дарамтад оруулан хууль зөрчиж, бусдын барилга, үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан эсэх цаашлаад бусдад түрээслэн орлого олдог, хууль бусаар зарж үрдэг байж болзошгүй тухай ноцтой баримтыг уншигч танд хүргэе.

“Голомт” банк хотын А бүсийн газрыг хууль бусаар авсан уу

Арилжааны банк нь Иргэний болон Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бусдад зээл олгож, тухайн зээлийг ашигласан хугацааны хүүг авах үүрэг хүлээдэг. Мөн дээрх хуулиудаар зээлийн хүүгээс хүү, алданги тооцохыг хориглодог ажээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үндсэн зорилго нь зээлийг зориулалтын дагуу олгох түүнийг зээлдэгч ашигласныхаа дараа хүү төлөх л зорилготой.

Гэтэл манай улсад арилжааны банкууд үйлчлүүлэгчээ тонож, дампууруулах буюу боловсон дээрэм хийдэг болсон уу хэмээн асуухад хүрэв. Монголбанкны хар жагсаалт гэх “хадны мангаа”-аар айлган сүрдүүлж, зээлээ төлж чадаагүй эс бөгөөс хүүгийн дарамтад орсон аж ахуйн нэгж, иргэнийг өмнөх зээлийг нь дахин өөр нэг зээл олгож хаасан мэтээр дүр үзүүлэн “дээрэмдэх” болжээ. Үүний нэг жишээ нь “Голомт” банк болон “Очир” ХХК-ийн шүүхийн маргаан юм. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг бид “Очир” ХХК-ийн эзэмшигч гэдгээр нь сайн мэддэг /цаашид иргэн Д хэмээн нэрлэе/.

Тус компани нь барилга, зочид буудал, модон эдлэл, аялал жуулчлал зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 1990 оноос эхлэн тогтмол ажилласаар иржээ. Компанийн эзэмшилд байдаг хэд, хэдэн үл хөдлөх хөрөнгийн нэг болох Элчингийн гудамжинд буюу “Шангрилла” төвийн хажууд, хотын төвийн А бүсэд байрлах “Очир” нэртэй оффисыг эзэмшигч  Д.Дамба-Очир нь “Голомт” банкны барьцаанд тавьж, мөнгө зээлжээ.

Гэтэл зээлдэгч Д нь ковидын болон санхүүгийн хямралт нөхцөл байдлын улмаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх эрсдэл үүсмэгц “Голомт” банкнаас удаа дараа утасдан чанаргүй зээлдэгч болж, хар жагсаалтад орох гэж байгааг сануулсан байгаа юм. Улмаар, “таны өмнө авсан зээлтэй дүйцэхүйц зээлийг дахин олгох боломжтой, та зээл аваад эхний зээлээ төлөөд дахиад хугацаагаа сунгах боломжтой” хэмээн "ятгажээ".

Ингээд аргагүй байдалд орсон Д нь тухайн нөхцлийг хүлээн зөвшөөрч дахин зээл авч, өмнөх зээлээ төлсөн бөгөөд ашиглаагүй зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт дахин, дахин хүү тооцуулсаар эцэст нь гарах аргагүй зээлийн хүүгийн дарамтад оржээ. Нэг үгээр хэлбэл, банк зээлдэгчийг бултах аргагүй хавханд оруулсныхаа дараа хар жагсаалтаар дахин сүрдүүлэн, экс гишүүний барьцааны хөрөнгийг түр өөрийн өмчлөлд шилжүүлж, зээлээ хаахыг сануулсан байгаа юм. Ингээд банкны барьцаанд орсон учраас өөрийн үл хөдлөх хөрөнгөө банкны эзэмшилд түр шилжүүлснээр хэрэг маргаан буруу тийш эргэсэн аж.

34 тэрбумын үнэлгээтэй хөрөнгийг ердөө 14-хөн тэрбумаар зарсан гэж мэдэгджээ

“Очир төв”-ийн барилгыг өөрийн эзэмшилд оруулсны дараа “Голомт” банк хуульд зааснаар тухайн обьектийг ашиг олох зорилгоор зарах, ашиглах бус зээлийг эргэн төлүүлэх буюу өр барагдуулах зорилгоор түр эзэмших, эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар зах зээлийн үнэлгээгээр худалдан борлуулж, банкны зээлийг төлүүлэх ёстой байж.

Гэтэл иргэн Д-ээс шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөө ашиг олох замаар түрээсэлж байсан ч эцэстээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар бус өөрсдөө дур мэдэн иргэн Ш.Ганбат гэгчид 14 тэрбумаар худалдан борлуулчихсан хэмээн мэдэгджээ.

Шүүхээс албан ёсоор албадан худалдан борлуулах шийдвэр гараагүй байхад зах зээлийн үнэлгээгээс хамгийн доогуур буюу 50 хувиар хямд зарсан гэсэн үг. Өмнө хэлсэнчлэн, “Очир төв” ХХК-ийн төв оффис нь хотын төвийн А бүсэд байрладаг учраас өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр хамгийн багадаа 34 тэрбумын үнэлгээтэй. Гэсэн ч Ш.Ганбат гэгч нь маш хямдаар буюу ердөө 14 тэрбумаар уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан байна.

Эндээс ч эзэмшигч, банк хоёрын шүүхийн маргаан хурцдаж хоёр шатны шүүхээс хальж, өдгөө Улсын дээд шүүхэд очоод байгаа аж. “Очир” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэл нь “Үнэхээр 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Ш.Ганбат гэгчид 14 тэрбумаар худалдан борлуулсан эсэхийг нотлох баримт буюу гүйлгээний баримт, мөн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татварын төлбөрийн гүйлгээ “Голомт” банк болон иргэн Ш.Ганбат нарын дунд хийгдсэн эсэхийг нотлох санхүүгийн баримт гаргаж өгөх” тухай аж. Улмаар, энэ гүйлгээ хууль ёсоор хийгдсэн гэдгийг Монголбанкнаас санхүүгийн баримтаар гаргуулж авахыг хүссэн байгаа юм.

Тодруулбал, 2022 наймдугаар сарын 26-нд болсон шүүх хуралдааны үеэр Монголбанкны санхүүгийн мэдээллийн албанаас уг нотлох баримтыг гаргуулах хүсэлт тавьж, есдүгээр сарын 06-нд Төв банкинд албан бичиг хүргүүлсэн ч харилцагчийн гүйлгээний мэдээлэл нь байгууллагын нууц учир гаргаж өгөх боломжгүй гэдгээ “хүндэтгэн үзэх шалтгаан” хэмээн тайлбарлажээ. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт “өвдсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон” зэргийг нэрлэсэн ч байгууллагын нууц гэдэг үг хамаарахгүй юм билээ.

Хууль бусаар иргэний өмчийг бусдад шилжүүлсэн эсвэл худалдсан мэтээр харагдуулж, өөрсдөө завшаагүй гэдгийг нотлох ганц баримт нь банкны гүйлгээний дээрх мэдээлэл бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх уг баримтыг бүрдүүлэх ёстой ч “байгууллагын нууц учраас болохгүй юм билээ” хэмээн булзааруулж, нотлох баримтыг бүрдүүлэхээс татгалзаж буй нь энэ бүхний цаана шүүхийг, шүүгчийг хүртэл урвуулсан хууль бус зүйл болов уу хэмээн хардах үндэслэл болсон гэх.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар ч банк нь 20 сая төгрөг түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээг ажлын тав хоногт батлагдсан маягт, журмын дагуу Монголбанкны санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх үүрэгтэй. Тийн атлаа үгсэн хуйвалдаж, нэгэндээ зарсан мэтээр хуурамч баримт бүрдүүлээгүй гэдгийг нотлох цор ганц санхүүгийн баримтыг гаргаж өгөхөөс татгалзсаар буй учраас банк бусдын үл хөдлөх хөрөнгийг хувьдаа завшиж, А бүсийн газруудыг ээлж дарааллан энэ мэтээр иргэнийг гарах гарцгүй болгож шилжүүлж авсан уу хэмээн хардах үндэслэл болж буй юм.