ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүмогийн ноён оргил

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-19

1500 гаруй жилийн түүхтэй гэгдэх Японы мэргэжлийн сүмогийн оргилд нь монгол хүн залраад удаж байна. Тэр нь Хакүхо М.Даваажаргал. Аль хэдийнэ 44 удаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаад түрүүлчихээд байгаа юм.  Домогт Тайхо аварга дээд зиндаанд 32 түрүүлсэн амжилтыг эвдэх хүн гарч ирэхгүй гэж саяханыг болтол хүмүүс бодож байсан байх. Гэвч Хакүхо өнөөдөр 44 түрүүлчихлээ.

Түүгээр ч барахгүй Хакүхо өнгөрсөн ням гарагт Ёкозүна цол хүртсэнээсээ хойш 800 дахь даваагаа авч, хэзээ ч эвдэгдэхгүй байж магадгүй дээд амжилтуудыг тогтоосоор. Тэр дээд зиндаанд нийтдээ 994, харин сүмод хөл тавьснаасаа хойшхи 1088 дахь даваагаа авсан.  Мөн 45 дахь удаагаа уналгүй 50 хувийн амжилтаа үзүүлж, энэ башёд 45 түрүүгээ хүртэх өндөр магадлалтай байна. Тэр яах аргагүй мэргэжлийн сүмод авирч хүршгүй сүмбэр уулын чинээ амжилтыг тогтоочихлоо.

Энэ амжилтаа улам нэмсээр, өндөрлөсөөр байх болно. Аварга цолтой 1000 даваа авч, дээд зиндаанд 50 түрүүлэх нөөц боломж түүнд байна. Хакүхо аварга одоо дөнгөж 33 настай. Их спортод 33 нас гэдэг харьж яваа үе байж болох. Гэвч эр бяр, ид хав нь тэнцсэн Хакүхо аваргын хувьд дахиад хэд түрүүлэх боломжтой л нас. Манай сүмоч Н.Цэвэгням дээд зиндаанд 37 настайдаа түрүүлж л явсан.  Тэр жишгээр бодвол Хакүхо дээд зиндаанд 50 түрүүлэх боломжтой. 2020 оны Токиогийн олимпын наадам гэхэд Хакүхогийн тогтоосон амжилтыг хэн ч эвдэж чадахааргүй хэмжээнд хүрч, оргил нь улам өндөр болсон байх болно. Тэр бол мэргэжлийн сүмогийн сүмбэр оргил.