“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолтыг анх санаачлан зохион байгуулснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрчээ.
“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс тус ойг тохиолдуулан “AIC Степп Арена” мөсөн ордонд ээлжит тоглолтыг зохион байгуулж байна. Энэ удаа Узбекистаны Ташкент хотын улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан амьтан сургагч болон найруулагчийнхаа хамт ирсэн.
Мөн Казахстаны Астана хотоос ховор үйлдвэрийн эзэн хааны гэх найман пудель нохой ирсэн бөгөөд монголчуудад үзүүлбэрээ амжилттай үзүүлсэн юм. Монголд өмнө нь 2015 онд олон улсын циркийн тоглолт зохион байгуулахад арслан авчирч байжээ. Тэгвэл энэ удаа арслан, эрслэн хосоороо оролцож буйгаараа онцлогтой.
Тоглолтод долоон төрлийн үзүүлбэр багтсан бөгөөд олон улсын 90, Монголын 30 гаруй уран бүтээлч болон арын албаныхантайгаа нийлээд 160 уран бүтээлч ажиллаж байна. Түүнчлэн Монголд анх удаа хос манеж засаж байгаа бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудад дээд цэгтээ хүрсэн шоу тоглолтын нэг хэлбэр гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо.