ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Мэргэн Су”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-20

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцохдоо нэг “мэргэн” санаа гаргасан нь түгээлтийн автомашины цагийг хязгаарлах явдал. Тодорхой хэлбэл, оройн 21:00-ээс өглөөний 07:00 цаг хүртэл борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, бусад цагт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав. Энэ зохицуулалтыг ирэх оны эхний өдрөөс мөрдүүлэхээр ярьж байгаа аж. Замын түгжрэлийг бууруулахын төлөө санаагаа чилээж байгааг ойлгож байна, хотын дарга аа. Гэхдээ ийм ядруухан санаа гаргаж, нийслэлийн иргэдийг хүнсээр хангаж байгаа хэдэн компанийнхаа машиныг хязгаарлаж яах вэ дээ.  

Өглөө эрт түгээлтийн машинууд гарч, дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ өгч байж хэрэглэгчид шинэ, эрүүл хүнс идэх боломжтой болдог. Түгээлтийн машинуудын цөөнгүй нь хүнсний үйлдвэрийнх. Шинэ талх, өндөг, хиам, зайдас, нарийн боов, ус ундаа, сүү, тараг зөөсөн машинууд дэлгүүрүүдийн зүг хурдалж байгаа.  Шинэхэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өглөөний 07:00 цагаас өмнө аваачиж өгнө гэвэл амжихгүй. Дэлгүүрүүд хэдэн цагаас онгойдог билээ.  21:00 цагаас хойш өглөө гэхэд хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн  өдрөө биш маргааш нь хэрэглэгчдэд хүргэх болно.  Хүнсний бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацаа ямар билээ. Энэ мэтээр жаахан бодох зүйл байна шүү. Бүсчилнэ гэхээр гэр хороолллын замаар явахыг хорихгүй байх. Гэхдээ төв замууд руу зайлшгүй орж ирэх шаардлага гарна.

Тэр болгонд нь цагдаа торгоод байх уу. Түгжрэлийг бууруулах өөр арга зөндөө байгаа нь ойлгомжтой. Яагаад асуудлыг шийдэх том шийдэл олохын оронд тооцоо судалгаагаагүй, сэтгэлийн хөөрлөөр санаа гаргаж, үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайраад байна вэ.  Төвлөрлөө сааруулах, нийтийн тээврээ илүү хөгжүүлэх, сургуулийн автобусны тоог нэмэх гэх мэт цогц бодлого хаана байна.  Түгээлтийн машинуудын хөдөлгөөнд оролцох цагийг хязгаарласнаар замын түгжрэл 30 хувь буурах юм гэсэн.  Борлуулалт, түгээлтийн автомашинуудыг 3.5 тонн хүртэлх болон түүнээс дээш, чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хэмээн ангилж хязгаарлах санал гаргажээ.  Үйлдвэрлэгчид машиныхаа даацыг багасгаж тоог нь нэмэгдүүлж, түгжрэлийг улам нэмэх вий дээ. Сайн л бодоорой доо.