ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Казахстаны Эдийн засгийн сайд асан К.Бишимбаев эхнэрээ өөрөө унаж нас барсан гэж мэдүүлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-10

“...Чи яаж ингэж хэлж чадаж байна аа. Санамсаргүй гэнээ. Чи түүнийг хэдэн цагийн турш үхтэл нь зодсон биз дээ...”

Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын гарт хэрцгийгээр амиа алдсан Салтанат Нукеновагийн ээж шүүх хурлын үеэр биеэ барьж ядан ингэж хэлжээ.

Учир нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард 43 настай Квандык Бишимбаев өөрийн эхнэр болох 31 настай Салтанат Нукеноваг хамаатныхаа эзэмшлийн ресторанд найман цагийн турш хэрцгийгээр зодож амийг нь бүрэлгэсэн ч, шүүх хурлын үеэр өөрийгөө гэм буруугүй хэмээн өмгөөлсөн нь хохирогч бүсгүйн ээжийг барьц алдуулахад хүргэсэн юм. 

Шүүх  хурлын үеэр прокурорууд баримт болгон дэлгэсэн бичлэг дээр Квандык Бишимбаев Нукеноваг олон дахин цохиж, өшиглөн үснээс нь татаж чирч буй дүр зураг харагджээ. Энэ хэрэг Казахстаны түүхэн дэх олныг хамгийн их цочирдуулсан, басхүү анхаарлыг хамгийн их татсан хэрцгий хэрэг болж байна. Сая, сая казахстанчууд шударга шүүхийг шаардаж, шүүх хуралдааны үйл явцыг анхааран үзэж байгаа юм.

Квандык Бишимбаев гэж хэн бэ

Murder trial seen as test of Kazakh leader's pledge on women's rights |  SaltWire

НҮБ-ын Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах агентлагийн мэдээлснээр Казахстанд жил бүр 400 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдаж байна. Бодит тоо үүнээс ч их байж магадгүй. Тус улсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгуулийн ял оноох болсноос хойш энэ төрлийн гэмт хэрэг эрчимтэй нэмэгдсэн учраас бүсгүйн энэ хэргээс шалтгаалан казахстаны эмэгтэйчүүд хуульд өөрчлөлт оруулахыг эрчимтэй шаардаж эхлээд буй аж. 

Куандык Бишимбаев 2016 онд Казахстаны Эдийн засгийн сайдаар томилогджээ. Тэрбээр төрийн “Болашак” тэтгэлгээр АНУ-ын Их сургуульд суралцсан эх оронч үзэлтэй Казахстаны улс төрийн шинэ үе хэмээн мандаж байж. Гэвч томилогдсоноос зургаан сарын дараа авлигын хэргээр шалгагдаж, 2018 онд 10 жилийн хорих ял сонсжээ. Гэхдээ тэр нэг жил хоригдоод 2019 онд Назарбаевын санаачилсан Өршөөлийн хуулиар суллагдсан байна.

Шоронд байх хугацаандаа өмнөх эхнэрээсээ салж, 2022 онд талийгаач Салтанат Нукеноватай гэрлэжээ. Харин аллагын хэрэг 2023 оны арваннэгдүгээр сард гарсан бөгөөд шүүх хуралдаан гуравдугаар сарын 27-ноос хойш үргэлжилж байгаа аж. Сайд асанг эхнэрээ үхэлд хүргэсэн гэх үндэслэлээр шүүх буй. Гэвч, тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээн тодотгож,  хуулийн багийнхантайгаа хамтран амиа алдсан эхнэр нь сэтгэлзүйн хувьд тогтворгүй, архины хамааралтай, хүчирхийлэгч байсан мэтээр тодорхойлохыг оролдож байгаа аж.

Ex-minister Bishimbayev on trial in Kazakhstan for murder of his wife with  particular cruelty: what happened on the day of the murder according to the  prosecutor and the defendant | УНН

Үүнээс гадна хэрэг гардаг шөнө эхнэрийгээ толгойгоо 10 гаруй удаа цохиж, эцэст нь бие засах өрөөнд өөрөө хяналтгүйгээр унаж толгойдоо гэмтэл авснаас нас барсан хэмээн маргаж байгаа юм байна. Гэтэл шүүх хурлын үеэр үзүүлсэн нотлох баримт болох бичлэгт талийгаач эхнэр нь нэг ч удаа түүн рүү дайрч байгаа дүр зураг бичигдээгүй байх бөгөөд эсрэгээр тэр өөрөө эхнэрээ олон цагийн турш үсдэж, цохиж, өшиглөж харгис хэрцгийгээр зодож байжээ.

Үүнээс гадна хачирхалтай гэмээр үйл явдал нь Бишимбаев хэргийн дараа шоконд орсон гэх ч, эмнэлгийн тусламж авахын оронд төлөгч рүү залгаж байсан нь том дуулиан дэгдээсэн байна. Алдартай нэгэн Youtuber “Энэ хүн манай Үндэсний эдийн засгийн сайд байсан хүн шүү дээ, найзуу даа. Энэ бол манай элитүүдийн байгаа царай” хэмээжээ.

Бүсгүй өмнө нь ч зодуулдаг байжээ

Талийгаач бүсгүйн ах Айтбек Амангелди шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Ингэхдээ хэрэг гарахаас өмнө буюу 2023 оны гуравдугаар сарын 29-нд дүү нь Бишимбаевд зодуулж байсан зургийг шүүх хурлын үеэр дэлгэжээ. Тэр зурагт Нукеновагийн нүд, уруул ам нь хөхөрч хавдсан байв.

Амангелди “Тэр шөнө  Бишимбаевтай дүүгээ өмөөрөн муудалцсан ч дүү маань  гэрлэлтээ аврахын тулд надтай явахын оронд нөхөртэйгөө үлдэх сонголтыг хийсэн” гэж шүүхэд мэдүүлжээ. Харин Бишимбаев эрс үгүйсгэж “Амангелди тэр шөнө согтуу, над руу хутга барьж дайрсан. Би эхнэрээ зодоогүй” гэж мэтгэлцсэн байна. Гэсэн ч, хохирогч талаас түүний биеэ барих чадваргүйгээр зохисгүй аягласан баримтыг дэлгэсээр байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгч Игорь Вранчев “Бишимбаев шүүх хуралдаанд бүх хэрэгт бие засах өрөө буруутай гэж мэдэгдэл хийвэл би лав гайхахгүй” гэж хэвлэлд ярьжээ.

Former National Economy Minister of Kazakhstan suspected of murdering wife  faces more charges - AKIpress News Agency

Энэ хэргийн шүүх хурал Казахстанд энэ зуунд тохиолдсон хамгийн их хохиролтой шар усны үерийн гамшгийн үед тохиолдож байгаа аж. Казахстаны Засгийн газар энэ гамшигт ямар ч бэлтгэлгүй байсны улмаас 75 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон юм. Гэвч төрийн дээд албан тушаалтан хүний үйлдсэн гэмт хэргийг казахстанчууд төдийгүй дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Шүүгч болон тангарагтны 10 гишүүн санал нэгтэйгээр Бишинбаевыг “онц харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн” гэж үзвэл түүнд бүх насаар нь хорих ял оноох билээ.

Нукеноваг алагдсанаас хойш долоо хоногийн дараа 150 мянга  гаруй иргэн гарын үсэг зурж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардсаны дараа Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шийтгэлийг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд хүчирхийллийг үл тэвчихийг уриалж байв. Тиймээс уг амлалтдаа хүрэхийг шаардсан иргэд Засгийн газарт шахалт үзүүлж байна.