Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Балдорж” шагнал гардуулах ёслол өнгөрсөн лхагва гарагт боллоо. 10 дахь удаагийн “Балдорж” шагналын эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат тодорсон юм. Тэрбээр сэтгүүлч Ж.Сувдмаатай хамтран хийсэн “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” болон өөрийн бичсэн “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлагаар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж чаднаа.
Т.Энхбат саяхан л манай сонинд ажиллаж байсан. Бид нэг үеийн сэтгүүлчид. Намайг энэ сонины босгоор алхаж орж ирэхэд эдийн засгийн албаны дарга байлаа. Мань мэтийн шинэ сэтгүүлчид албаны дарга гэдэг их том дарга шиг санагддаж байж. Тэр дундаа Т.Энхбат эдийн засгийн талаар өргөн мэдлэгтэй, даацтай бичдэг болохоор сүрдэнэ ээ. Хэвлэлийн салбарт “шинэ цэрэг” болж орж ирсэн залуучууд түүн шиг барьж авсан сэдвээ “юм болгож”, няхуур ханддаг сэтгүүлч болохын төлөө ажиллаж, үлгэр авах хэрэгтэй.
Эдийн засаг сонирхож уншдаг уншигчид, энэ салбарынхан Т.Энхбат гэхээр “Аан эдийн засгийн уу” гэж асуух нь бий. Тэр яах аргагүй л эдийн засгийн Т.Энхбат. Өдөр тутмын сонины “тогоо”-нд 10-аад жил чанагдсаны хувьд “Балдорж” шагналтан болох цаг нь болсон. Тийм даацтай бүтээлүүдийг ч тэр урласаар яваа. Монголын мэдээ” түүний жигүүрийг ургуулж, хол нисэх хүч өгсөн гэж би бодож явдаг. “Өнөөдөр” сонинд тэр илүү өндөрт нисч, сэтгүүлзүйн салбарын шилдэг нь болж чадлаа. Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг гэдэг. Тиймдээ ч олон зуун км явж, хариуцлагатай уул уурхайг эрсэн сурвалжлагаараа “Балдорж” шагналтан боллоо. Энэ цагийн сэтгүүлчдийн түүчээ болсон чамд илүү их амжилтыг хүсье. Илүү өндөрт нисээрэй.