Зохиолч, сэтгүүлч Ядамсүрэнгийн Баяраа урлагийн өндөр босгоор алхах эрхийн бичгээ гардаж авлаа. Тодруулбал, тэрбээр Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын Нэг хүний жүжгийн төрөлд “Цагаан толбо” жүжгээрээ шалгарч, алтан цомыг гартаа атгасан юм.
Харин дараа нь “Их урлагийн өндөр босгоор алхах эрх хайрласан “Алтан гэрэгэ” хэмээн хүлээн авав” хэмээсэн нь бий. Урлаг тэр дундаа тайзны урлагийн босго өндөр бөгөөд хэн дуртай нь алхаж орох боломжгүй. Гэтэл Я.Баяраа 30 насандаа “Гэгээн Муза” гэх хамгийн нэр хүндтэй наадмын шилдгээр шалгарч, басхүү их урлагийн хаалгыг урилга заллагагүйгээр, “өшиглөж” орлоо.
Тэрбээр СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуульд багшилдаг. Үүний зэрэгцээ “Тойм” сэтгүүлд тоймчоор ажилладаг юм. Хамтран ажиллагсад нь түүнийг “Хайрцаг Баяраа” гэж хочилдог юм билээ. Учир нь “Баяраа, нийтлэл бичээч” гэхэд нь “Жүжиг хайрцаглаж байна аа, амжихгүй” хэмээн шуудхан хариулдаг гэсэн. Харин заримдаа “Ерөнхийд нь хайрцаглачихсан”, “Материал өнгөрсөөн.
Өгүүллэг биччихлээ” хэмээдэг гэнэ лээ. Үүнээс нь үүдээд түүнийг “Хайрцаг” гэж хочлох болж л дээ. Гэхдээ энэ бол түүний зохиол, бүтээлдээ хэрхэн орж, өөрийгөө бүрэн зориулж байсныг гэрчлэх биз ээ. Нөгөөтэйгүүр, тэр “Таслал” яруу найргийн номоороо “Алтан өд” наадмын яруу найргийн шилдэг бүтээлийн шагналыг авч байсан шаггүй найрагч.
ЕБС-ийн наймдугаар ангид сурч байхдаа “Би яруу найрагч болно” гэж аавдаа хэлсэн нь өнөөгийн замналынх нь эргэлтийн цэг болсон гэж нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан юм. Юутай ч, нийслэлээс 1500 гаруй км-ийн зайд оршдог, Увс аймгийн Зүүнговь сумын бяцхан суурингийн унаган хүү “Гэгээн Муза” наадмын шилдэг нь байж чадлаа. Түүнд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.