Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 15х90 метрийн хэмжээтэй мах боловсруулах үйлдвэрийн дээврийн хэсэг шатаж байсныг унртаажээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Цагаан худaг гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 367 км-т, сумын төвөөс урд зүгт 12.5 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 23:38 цагт аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид дээрх газарт очиход “Бэйбэн норд бенз-НД3254” загварын автомашины зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтрааж аюулгүй болгожээ.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага мөн өдөр ирж, иргэн Б-ийн “Тоёото-Эстима” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан байна.