Азарбайжаны Баку хотноо зохиогдож байгаа жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай жүдочид амжилттай барилдаж гурван ч медалийг өвөртлөөд, эх орон элэг нэгтнүүдээ баярлуулаад байна. Тэдний нэг бол Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн цэл залуухан бөх, Залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр юм. Тэрбээр Чехийн жүдоч Лукас Крпалекийг ялснаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 16 дахь жүдоч боллоо. Лукас Крпалек монголчуудын бахархал болсон олимпын аварга Н.Түвшинбаярыг ялсанд бидний сэтгэл гонсгор байсан ч шийдвэрлэх барилдаанд нутгийн дүү нь ийнхүү ахынхаа хариуг авсанд тайтгарах хүн олон байв. Ө.Дүүрэнбаяр олноо “Тавхай” хэмээн алдаршсан Улсын заан Д.Лувсан гуайн ач хүү аж. Түүний аав Улсын начин Л.Өлзийбаяр гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэднэ.
Харин ээж нь Улсын заан Рэгжийбуугийн Даваанямын төрсөн дүү гэнэ лээ. Ингээд бодохоор удам дамжсан цуутай бөхийн үр удам, их спортын тэнгэрт дүүлэн нисэх нь дамжиггүй гэлтэй. Өдгөө 24 настай залуухан тэрбээр Кавказын уулсыг өндөлзтөл, Каспийн тэнгисийг цалгитал барилдаж эх орон, элэг нэгтэн, ээж аавыгаа баярлууллаа. Аавыгаа даган бөхийн дэмжээнд өссөн тэрбээр өдгөө Улсын начин цолтой ч “Аав барилд гэвэл үндэсний бөхөөрөө барилдана” хэмээн даруухан ярих аж. Аавынхаа зодог шуудгийг өмсөөд барилдах гэтэл багадаад ороогүй тухай ярихдаа дэлхийн аварга болсноосоо илүү бахдан ярьдаг бахархалт аавын хүү. Түүний хүсэл мөрөөдөл жүдогийн спортоор хязгаарлагдахгүй. Тэрбээр спортын сэтгүүлч болох мөрөөдөлтэй тухайгаа ярьсан байдаг. Тиймээс одоо л хүс, мөрөөд, хүр. Спортын тэнгэрт дүүлэн нисдэг шигээ өндөрт дэв залуу минь. Их спортын “бүргэд” минь.